Дэлхийгээс харагддаггүй Сарны цаад талыг сар гаруй судалж буй Хятадын "Чан Э-4” сансрын хөлөг сараар явагч "Юйту-2”-ийн хамт манай гаригийн дагуул дахь хүйтэн шөнийг өнгөрөөхийн тулд дахин "унтах” горимд шилжсэн тухай "Шинхуа” агентлаг мэдээлжээ.
Хятадын уламжлалт Цагаан сарын баярын турш ажилласан дээрх хоёр аппаратаас энэ сарын 28-нд "Юйту-2”, харин гуравдугаар сарын 1-нд "Чан Э-4” тус тус "сэрэх” юм байна. Хоёр аппаратын бүх систем хэвийн ажиллаж, бүх судалгааг төлөвлөгөөний дагуу явуулж байгаа аж.
"Чан Э-4” сансрын хөлөг Сарны цаад талд өнгөрсөн сарын 3-ны өглөө түүхэн газардлагыг амжилттай гүйцэтгэн гэрэл зургуудыг тогтмол илгээн дэлхийн бүх эрдэмтдийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа юм.
Б.Туг