|

МӨРӨӨДЛӨӨ ХЭМЖИХ НЬ

munkhod 2015/07/03 609 0

МӨРӨӨДЛӨӨ ХЭМЖИХ НЬ

 

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №3

"ҮШ” сонин бас нэгэн цуврал эхлүүлж байна. "Монгол мөрөөдлийн эрэлд” нэртэй энэхүү цувралыг "ҮШ” сонины эдийн засгийн тоймч Д.Мөнхчимэг, "Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч, "БАЛДОРЖ” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нар хөтөлнө.

Хүний хөгжлийн боломжийн потенциал, газрын хэвлий дорх хэн ч атаархам их хэмжээний эрдэнэс баялаг, гео эдийн засгийн бусдад тэр бүр тохиогоод байдаггүй боломж, нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог өргөн уудам газар нутаг, үржил шимтэй эрүүл онгон хөрс шороо, үеийн үед монголчуудыг тэжээн тэтгэсээр ирсэн эрдэнэт мал сүрэг гээд Монгол оронд хөгжин дэгжих асар өргөн боломж бий. Азийн бар, чоно болох мөрөөдлөөр сүүлийн хорин хэдэн жил амьсгалав. Нэг хэсэг хугацаанд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхуулсан ч өсөлт улам уруудан буурсаар байна. Мөрөөдөл маань мөрөөдөл чигээрээ л байсаар. Мөрөөдөл гэдэг бол зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл биелэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Энэ асуултын хариуг энэхүү цуврал нийтлэлээр хайх болно.

Эрхэм уншигч Та бүхэн манай сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг нягтлан уншиж, санал бодлоо ирүүлээрэй. Монгол мөрөөдөл биелэхэд хүн бүхний идэвх оролцоо, эрмэлзэл тэмүүлэл чухал билээ. 

МӨРӨӨДЛӨӨ ХЭМЖИХ НЬ

Монгол мөрөөдлөө бий болгохын тулд заавал цоо шинийг сэдэх албагүй, бусдын алдаа, оноог судалж, өөрсдийн онцлог, чадамжид нийцсэн хөгжлийн бодлогоо гаргах нь чухал гэдгийг бид эхний хоёр нийтлэлдээ бичсэн билээ. Манай эрх баригчид үүнийгээ ч мэдэхгүй өдий олон жил явжээ гэвэл худлаа болно.

Үнэндээ "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэж урт бөгөөд сүржин нэртэй баримт бичиг бий. Харамсалтай нь, үүнийг баталснаас хойш даруй долоон жил улирсан ч стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь, 436 дэд зорилтын 4.1 хувь нь л биелсэн хэмээн Үндэсний хөгжлийн хүрээлэн дүгнэжээ. Эрх баригчид маань улс орныхоо алсын харааг тодорхойлсон боловч хэрэгжүүлэхээ таг мартаж орхисон болж таарах нь. Энэхүү бодлогод 2007-2015, 2016-2021 он хүртэлх хөгжлийн зорилтуудыг багтаасан ч эхний үе шат нь дуусахдаа "F” дүн л авсан байна. Цаашдаа ч хэрэгжиж чадахгүйг нь хүлээн зөвшөөрсөн болоод ч тэр үү, УИХ-аас Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг цоо шинээр боловсруулж, батлахаар ажиллаж эхэлжээ. Тэр нь бэлэн боллоо ч хэрэгжих баталгаа бий гэж үү? 

 

Төөрөгдөл ба эндүүрэл 

"Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэгчлэн удирдаж чадахгүй бол өөрчилж, сайжруулж чадахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, бид өмнөө ямар нэг зорилго тавихдаа түүнд хүрсэн, эсэхээ мэдэх хэмжүүрээ тодорхойлох хэрэгтэй юм. "Монголоо улсын дайтай улс болгоно”, "Хөгжлийн манлайд хүрнэ”, "Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ” гэдэг үгс сонсоход сайхан ч биелэлтийг нь хэмжих гэхээр төөрөгдөөд явчихдаг. 

Маш энгийн жишээ авч үзье. "Хэзээ нэгэн цагт турна аа” гэсэн зорилго бодит байдалд ихэнхдээ биелдэггүй. Харин долоо хоногт 500 гр, сард хоёр кг тураад, жилийн дотор 60 кг жинтэй болно гэвэл илүү итгэл төрүүлэхээр байгаа биз? Ийм тодорхой үзүүлэлт бүхий зорилго тавьчихвал наад зах нь амласандаа хүрч чадаж байгаа, эсэхээ өөрөө байнга шалгаад, хянаад явах боломжтой шүү дээ. Яг энэ зарчмаар Үндэсний хөгжлийн цогц бодлогыг харах юм бол "турна аа” л гэж мөрөөдөж буйгаас биш яаж турах арга замаа олоогүй байгаа хүнтэй төстэй аж. Энэхүү баримт бичиг  "хөгжүүлнэ, боловсронгуй болгоно, таатай орчин бүрдүүлнэ” гэх мэтийн чихэнд чимэгтэй үгээр дүүрэн боловч тэр бүхнийг ойлгож, хэмжихэд бэрх.

Тухайлбал, "сайхан” гэдэг тодорхойлолт ямар ч барьцгүй болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлээд, хэмжиж болох хэмжүүр ашиглах шаардлагатайг онцолсон юм. Тиймээс Монгол Улсын зээлжих зэрэглэл одоо "В+” байгааг 2020 он гэхэд "А” болгох, эсвэл дундаж наслалт 68 байгааг 75-д хүргэх зэрэг зорилго тавих юм бол бид мөрөөдөлдөө хүрч байгаа эсэхээ мэдэж, дүгнэхэд хялбар болохыг тэрбээр санууллаа. 

Бид "Бизнесийн орчныг сайжруулна” гэж хэчнээн жил ярилаа даа. Одоо тэр үр дүндээ хүрч чадсан, үгүйгээ ч хэлж мэдэхгүй сууна. Тэгвэл Сарнайн хувьсгалын үеэр Гүржийн эрх баригчид Дэлхийн банкнаас гаргадаг "Бизнес эрхлэх нь” рейтингийг ширээн дээрээ тавьж байгаад, бизнесийн орчныг хэрхэн сайжруулснаа энэ тайлангаар дүгнэж байхаар тохирсон гэдэг. Үр дүнд нь, 2006 онд 112 дугаарт жагсаж байсан тус улс долоон жилийн дараа есдүгээрт эрэмбэлэгдэж байв. Хойд хөршийн Ерөнхийлөгч Владимир Путин үүнээс нь үлгэр дуурайл авч, 2011 онд 120 дугаарт орсныгоо 2018 он гэхэд эхний 20-д багтаах тухай захирамж гаргасан байдаг. Ийм тушаал авсан Оросын Эдийн засгийн хөгжлийн яам эрвийх, дэрвийхээрээ шинэчлэл хийж, 2015 оны "Бизнес эрхлэх нь” тайланд  62 дугаарт эрэмбэлэгджээ. Харин Монгол Улс хойд хөршөөс хамаагүй хойно буюу 72 дугаар байрт жагсаж байгаа юм. Үүнээс үзэхэд, хөгжлийг хэмжих хэмжүүр маань гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц байх хэрэгтэй ажээ. Мөн юуг гол хэмжүүрээ болгож байна вэ гэдгээс ч их зүйл шалтгаална.      

Тухайлбал, бид сүүлийн жилүүдэд ганц ДНБ гэх хэмжүүрийг л ашиглаж ирсэн. ДНБ өсөөд л байвал хөгжөөд л байгаа нь тэр хэмээн эндүүрсэн. Тийм ч учраас эдийн засгийн өсөлт 17 хувиас давахад Азийн дараагийн бар болно хэмээн онгирцгоож байлаа. Монголын ДНБ-ий хэмжээ сүүлийн 20 жилийн хугацаанд 12 дахин, үүнээс сүүлийн таван жилийн дотор бараг гурав дахин тэлжээ. Гэтэл бид нийслэлдээ ганц ч ширхэг цахилгаан станц, төрөх эмнэлэг, томоохон номын сан, музей, үзвэрийн газар барьсангүй.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 187 орноос 103 дугаарт жагссан

  

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 187 орноос 103 дугаарт жагссан байгаа юм. Ер нь ДНБ-ий өсөлтөд хэт ач холбогдол өгөх нь учир дутагдалтайг хүн бүр ойлгоод эхэлжээ. Тийм ч учраас хөгжлийг олон талаас нь хэмжсэн судалгаанууд улам олширч буй. Эдгээрээс Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан хамгийн тохиромжтой хэмжүүр гэж хүлээн зөвшөөрөгдөөд байгаа юм. 

 

Тэнгэрийн тоонууд

Өнөөдөр 120 кг жинтэй байгаа хүн гоо сайхны мэс засалд л ордоггүй юм бол жилийн дотор хоёр дахин турна гэж зорих нь бүтэлгүйтэлд л хүргэж таарна. Өөрөөр хэлбэл, бүтэлгүйтэхгүйн тулд бодитой зорилго тавих ёстой.

Владимир Путин "Бизнес эрхлэх нь” эрэмбэлэлийн нэгдүгээрт гэж биш, эхний 20-д багтах тухай заасныг ашдын билэггүй, пессимист хүн гэж харах нь учир дутагдалтай. Тэрбээр өөрийн улсын бодит боломжийг үнэнчээр харсан гэвэл үнэнд нийцэх буюу. Үүнтэй адил урд хөршийн дарга Си Зиньпин ч Хятад мөрөөдлийн хүрээнд түвэггүйхэн биелэх зорилтуудыг багтаажээ. Тэрбээр мөрөөдлөө "Хос 100” хэмээн нэрлэсэн бөгөөд ХКН-ын 100 жилийн ойгоор (2021 он) дунд зэргийн чинээлэг нийгмийг цогцлоосон байх, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор (2049 он) орчин үеийн үсрэнгүй хөгжилд хүрсэн байхыг зорьсон байна. Жишээ нь, дунд зэргийн чинээлэг нийгмийг цогцлоох гэдгийг 2010 оны нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 2020 он гэхэд хоёр дахин өсгөж, 10 мянган ам.долларт хүргэхээр хэмжих аж. Энэ үзүүлэлт эдүгээ 7000 ам.долларт хүрснээс үзэхэд товлосон хугацаа болоход зорилтоо давуулан биелүүлсэн байх нь ээ.

Дээрхтэй харьцуулахад бид хэрээс хэтэрсэн том тоонууддаа дурласан хэвээр үлджээ. Манай Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт илтгэлийнхээ үеэр Монгол Улсын алсын харааны асуудлыг хөндсөн нь сайн хэрэг. Түүний санаа бодлого боловсруулагчдад хүрч, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхойлох сэдлийг төрүүлээд авсан. Энэ хүрээнд биелж болох, бодитой тоонуудыг сонгохгүй бол мөнөөх Үндэсний хөгжлийн цогц бодлого шиг үлгэрийн далай болоод дуусах нь тодорхой юм. Гэтэл Ерөнхийлөгч маань Монголын өмнө байгаа боломжуудын талаар ярихдаа хэтэрхий өөдрөг хандаж байхыг хараад "үүлэн дээгүүр хөвөөд байна уу даа” гэх бодол төрснийг нуух юун. 

Тухайлбал, өнөөдөр "В+” байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2050 он гэхэд "ААА” болгоно гэдэг үнэхээр ахадсан зорилго юм. "Standard & Poor`s” агентлаг АНУ-д хүртэл үүнээс доогуур буюу "АА+” зэрэглэл олгосон байдаг шүү дээ. Одоогоор Швейцарь, Сингапур, Дани, Финланд зэрэг гарын арван хуруунд багтах улс л "ААА” зэрэглэлтэй байгаа билээ. Харин өрсөлдөх чадвараар эдүгээ бид 98 дугаарт жагсаж байгаа учраас эхний 10-т л багтвал их юм. Гэтэл №1 болж, олон жилийн турш тэргүүн байрыг эзэлж ирсэн Швейцарийн байр суурийг булаана гэж байх уу?  

 

Өчигдөр, өнөөдөр, маргааш

Бид "Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэж ярьдаг. Тиймдээ ч маргаашдаа огт санаа зовдоггүй байж мэдэх юм. Гэхдээ өнөөдөр бол өчигдрийн, харин маргааш бол өнөөдрийн үр дүн билээ. Өнөөдөр амьдрах орчноо сайжруулахын зэрэгцээ маргааш, нөгөөдөр, 10, 100 жилийн дараа энэ газар шороон дээр амьдрах хүмүүсийн эрх ашгийг ч бодох ёстойг П.Цагаан сануулсан юм. Мөн ирээдүйгээ төлөвлөхийн тулд өнгөрсөн рүүгээ шагайх хэрэгтэйг тэрбээр онцлоод, "Түүхэнд бүх зүйл, алдаа оноотойгоо бий. Манай өвөг дээдсийн биелээгүй болон тасалдсан мөрөөдлүүд ч бий. Түүхээ мэдвэл, ирээдүй рүүгээ тэмүүлэх тэмүүлэлтэй болдог” гэлээ. 

Түүхээ мэдвэл, ирээдүй рүүгээ тэмүүлэх тэмүүлэлтэй болдог

  

УИХ-ын даалгавраар Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс боловсруулсан "Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, 2015-2040” төслөөс үзэхэд өнгөрснөө дүгнэх, одоогоо тодорхойлох тал дээр дээд зэргийн анхаарал хандуулжээ. Түүнчлэн чөлөөт зах зээлд шилжээд 25 жилд юу хийж, бүтээсэн, бүтээгээгүйгээ дүгнэж, ирэх 25 жилийн чиг хандлагаа гаргаж ирэх гэж зорьсон нь цаг хугацааны хувьд туйлын тохиромжтой болсон мэт. Хүний хөгжил, төрийн институци, эдийн засгийн төрөлжилт, инноваци, дундаж давхарга гэсэн таван чиглэлийг сонгож авсан нь ч нүдээ олжээ. Гагцхүү хамгийн чухал хэсэг болох хэмжүүртээ л анхаарч чадаагүй юм шиг санагдлаа. Жишээ нь, "монгол хүнийг хөгжүүлэх” гэх ерөнхий ойлголтыг Хүний хөгжлийн индексээр одоо 103 дугаар байрт байгааг 2020 он гэхэд 90, 2030 он гэхэд 70, 2040 он гэхэд 50 дугаар байрт жагсана зэргээр задалж өгвөл илүү үр дүнтэй болж мэднэ. 

Эцэст нь, Монгол Улсын алсын хараа гэдэг төрийн, эсвэл засгийн тэргүүний, аль нэг улс төрийн намын, УИХ-ын гишүүний санал болгох "мөрөөдлийн жагсаалт” биш юм.Харин төрийн тэргүүнээс эхлээд монгол хүн бүрийн хүсэл, эрмэлзлийг шингээсэн, илүү сайхан маргаашийг бүтээх итгэлийг нь бадраасан, бодит амьдрал дээр биеллээ олох төлөвлөгөө байх ёстой. Үүнийг боловсруулахын тулд бид судалгааны байгууллагууд, судлаачдаа дайчлах шаардлагатай юм.

Гэхдээ тэд ганц нэгээрээ биш, олуулаа орж байж илүү үр дүнд хүрнэ. Бидний дараагийн авч үзэх ёстой сэдэв энэ. 

Үргэлжлэлийг маргааш хүлээн авна уу

Өгүүллийг: Ж.Тэгшжаргал, Д.Мөнхчимэг

 

Санал болгох

Сэтгэгдэл

top