|

Монгол улсыг жудочин, Халимаг улсыг кикбоксчин удирдаж байна

batdorj 2019/03/21 89 0

2017 онд Нью- Йорк таймс сонинд, Монголын ерөнхийлөгчид уяач, фэнгшү, бөх өрсөлдөж байна гэж бичиж байсан. Тэднээс зураач мэргэжилтэй, жудо бөх Баттулгыг сонгогчид Монголын ерөнхийлөгчөөр сонгосон. Баттулгыг дэлхийн удирдагчдаас Хойд хөрш болох ОХУ-ын ерөнхийлөгч, КГБ-ийн ажилтан, самбо бөх В.Путин бусдаас илүү тоосон. Тэгвэл Путин зарлиг гаргаж кикбоксчин Бату Хасиковыг Халимагийн Автономит улсын тэргүүнээр томиллоо.

Түүний өмнө, Халимагийн Автономит Улсын тэргүүнээр ажиллаж байсан Алексей Орлов үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг нь Путин ёсчилсон байна. А.Орлов нь 2010 онд анх, 2014 онд улиран сонгогдсон байжээ. Түүний залгамж халааг авсан Бату Сергеевич Хасиков нь Путины үзэл санааг дэмжигч, Халимагийн Автономит Улсыг Оросын дээд Зөвлөлд 2012-14 онд төлөөлж байсан юм. Бату нь Москвагийн Багшийн Дээд Сургууль, Оросын Төрийн Албан Хаагчдын Академийг тус тус төгсгөж, 2017 оны 6-р сараас Залуучуудын Асуудал эрхэлсэн Агентлагийн даргын зөвлөхөөр ажилласан.

Кикбоксын 6 удаагийн дэлхийн аварга. Хамгийн сүүлчийн тулаанаа 2014 оны 3-р сарын 28 -нд хийж, Грекийн кикбоксчин Михалис Замбидисийг ялж, нэг ч ялагдалгүйгээр зодог тайлсан байна. Түүнээс хойш олон нийт, улс төрийн ажилд зүтгэж, Путиныг дэмжих зорилготойгоор байгуулагдсан " Спортын төлөө Орос орон " хөдөлгөөнийг Халимагтаа удирдсан. Оросын ерөнхийлөгч Путин ийнхүү зарлиг гарган Батугийн зүтгэл, гавьяаг үнэлж Халимагийн Автономит Улсын тэргүүнээр томиллоо.

Ц.Хишгээ


 

Санал болгох

Сэтгэгдэл

top