|

КАТОДЫН ЗЭСИЙН ҮЙЛДВЭР БАРИХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗРААС ХҮСЭВ

saikhnaa 2019/04/02 609 0

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Катодын зэсийн үйлдвэрийг барихад дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүдийн хэлж буйгаар тус компанид 24,552 хүн хувьцаа эзэмшдэг.
Катодын зэсийн үйлдвэр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашигладаггүй овоолгон дээр хүчиллэг шингэн уусмал асгасан металлыг буцааж металл хэлбэрт оруулан цэвэр зэс үйлдвэрлэх технологи аж.

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд "МАНАН мафи”-ийн үзүүлж байсан байнгын дарамт, хавчлага дор эхлүүлсэн ажил удааширсаар манай компанийн зарим хувьцаа эзэмшигчдийн итгэл алдарч компанийнхаа удирдлагуудыг элдвээр сэрдэх явдал хэрээс хэтэрсэн. Мөн зориуд үйлдвэрийг байгуулахгүйгээр хөрөнгө оруулалтыг идэж шамшигдуулсан, овоолгыг өөр бусад этгээдүүдэд зарсан мэтээр бодит байдлыг мушгин гуйвуулсан мэдээ хэвлэлээр тараад байгаа билээ.

Энэ байдлаас улбаалан манай компанитай хамтран ажиллаж байсан БЛЬЮ МОН ХХК хамтын ажиллагаагаа зогсоож, огт хувьцаа эзэмшихгүйгээр Катодын зэсийн үйлдвэр байгуулах төслөөс бүрмөсөн гараад байгаа юм.

Үүнээс харвал хөрөнгө мөнгөө оруулаад үр шимийг нь хүртэнэ гэж хувьцаа эзэмшигчдийн хүлээсэн үйлдвэр байгуулах ажлыг хэтэрхий урт удаан хугацаанд үндэслэлгүйгээр саатуулсан нь тодорхой байна.

Хэрвээ "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн талууд Катодын зэсийн үйлдвэр байгуулах ажлыг үндэслэлгүйгээр саатуулсан хэвээр байвал бид хууль, шүүхийн байгууллагад хандана гэдгээ хатуу хэлье.

2015 оны гэрээгээр 8а, 12 дугаар овоолгуудыг 20 жилийн хугацаанд ашиглах эрхийг манай компанид олгосон учраас бид 2019 оны хоёрдугаар улиралд багтаан үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болохоор төлөвлөн ажиллаж байна.

Тийм учраас ерөнхийлөгч Х.Баттулгад зорьсон ажлаа танилцуулах боломж олгож, Катодын зэсийн үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг Засгийн газраас дэмжиж өгнө үү хэмээн хүсэж байна. Манай энэ үйлдвэр "Эрдмин”, "Ачит их” үйлдвэрээс хоёр гурван зүйлээр давуу талтай” гэв.

Гэрэл зургийг MPA.mn
Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчид мэдээллийн үеэр өөрсдийн сэтгэгдлээ ийнхүү илэрхийлсэн юм.

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Түвшинжаргал "Миний хувьд компани анх үүсгэн байгуулагдахад нь 1,000 төгрөгөөр арван ширхэг хувьцаа авч байсан. Надад хохирсон зүйл байхгүй. Гагцхүү ажлын байртай болохыг зорьж байна. Би өнөөдөр хүүхдийн 20,000 төгрөгөөр амьдрахыг хүсээгүй. Миний ажиллах долоо найман жилийг төр засаг харж үзсэнгүй. Катодын зэсийн үйлдвэрийг барихад тусалж дэмжиж өгөхийг хувьцаа эзэмшигчийн зүгээс хэлж байна” гэлээ.

"Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Дөлгөөнтамир "2010 оноос хойш байгалийн баялагтай эзэн байх зорилготойгоор эвлэлдэн нэгдсэн. Гэтэл эрх мэдэлтэй албан тушаалтнуудын хор уршгаар өнөөдрийг хүртэл олон хүндрэл бэрхшээлийг даван туулсан. Жирийн иргэдийн өнцгөөс амьдралыг хардаг болооч. Үйлдвэр барихын тулд бид чадах бүхнээ хийсэн. Энэ цаг үед бүх үнэн гарч ирсэн. Одоо төрийн шийдвэрийг харах цаг үлдсэн” хэмээн хэллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top