Сүүлийн арван жил сайжруулах шаардлагатай гэж ярьсан Оюутолгойн гэрээ өнөөдөр ч эрх баригчдын хэрүүлийн алим хэвээр байна. Гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг хоёр ч удаа бүтцээ өөрчилж чамгүй хугацаа зарсны эцэст дүгнэлтээ гаргасан. Гэвч өнөөх дүгнэлтийг хэлэлцэж улсын бодлогоо тодорхойлох эдийн засгийн байнгын хороо, УИХ энэ асуудлыг хэлэлцэж чадалгүй жил тойрч байна. УИХ ын гишүүд нь ч үзээгүй материалыг Оюутолгой компанийн удирдлагуудад байнгын хороон дарга нь өгчихсөн асуудал ч гарсан. Төрийн түшээдүүд олж хараагүй ажлын хэсгийн дүгнэлтэд Рио тинто компанийн удирдлагууд гэрээндээ өөрчлөлт оруулахгүй гээд хариу тайлбар гаргачихсан нь олон гишүүдийг бухимдуулсан.
Тэгвэл нууцад хамруулаад байсан ажлын хэсгийн дүгнэлтийг гадны компанид өгсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос зарим гишүүд хариуцлага нэхэж байгаа. Харин эрх баригч намын бүлэг хариуцлага тооцох шаардлагагүй гэж үзжээ.
Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч тодорхой шалтгаануудаар удаа дараа хойшилж байгаа. Харин байнгын хороон дарга нь өөрөө гишүүдтэй хэлэлцэх материалаа Оюутолгойд өгчихсөн олон нийтийн хардлагыг төрүүлээд байгаа юм. Дамба очир гишүүний эзэмшдэг Очир төв компани Оюутолгойн захиалгаар Өмнөговь аймагт хатуу хучилттай зам тавьж эхэлсэн гэх мэдээлэл ч зарим хэвлэлээр гарч байгаа. Харин тэрээр тус компанитай ямар нэг холбоо хамаарал, ашиг сонирхол байхгүй гэж мэдэгдэж байсан удаатай юм.
Оюутолгойгоос хүртэх ашиг 2037 он болж, Монголчуудын төлөх өр нэмэгдсээр байхад гэрээг нэн даруй сайжруулах хэрэгтэй хэмээн зарим гишүүд онцолж байгаа. Тэгвэл уг асуудлыг энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ аар хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн ажлын хэсгээс гадна, АТГ-аас Оюутолгойтой холбоотой хэд хэдэн ноцтой зүйл ирүүлсэнэ ҮАБЗ-д хүргүүлсэн гэж мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар хуралдаагүй байгаа юм.