Ираны зүгээс АНУ-ын цэргийн баазууд руу довтолбол Ойрх Дорнодын бүс нутагт 120,000 хүртэл тооны цэрэг илгээх төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд хэлэлцсэн тухай Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ. Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдтэйгээ хийсэн хурал дээр Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан уг төлөвлөгөөг танилцуулсан тухай Цагаан ордны нэрээ нууцалсан албан хаагч мэдээлсэн байна.
Хэд хэдэн хувилбар төлөвлөгөөг хэлэлцсэнээс хамгийн том нь 120,000 цэргийг Ойрх Дорнодод хэдэн сарын хугацаатай илгээх санал байжээ.
Сүүлийн өдрүүдэд АНУ-Ираны сөргөлдөөн аюултай түвшинд хүрээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон нисэх онгоц тээвэрлэгч хөлгийг байлдааны бүрэн бүрэлдэхүүний хамт Персийн буланд илгээсэн бол дараа нь бөмбөгдөгч онгоцнуудаа нэмж илгээсэн юм.
Ираны зүгээс дайсагнасан шинж тэмдгүүд ил тод ажиглагдаж эхэлсэн тул бүс нутаг дахь АНУ-ын эрх ашиг болон холбоотнуудаа хамгаалах зорилгоор ийм арга хэмжээнүүдийг авснаа албаныхан тайлбарлаж байв. Өнгөрсөн хугацаанд Вашингтон, Тегераны хооронд сэтгэлзүйн дайн хэдийнээ эхлээд байна. Ирантай байгуулсан цөмийн гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрийг Трампын засаг захиргаа жилийн өмнө гаргасан. Тэр үеэс хойш Ираны дэглэмийн эсрэг эдийн засгийн хатуу хоригуудыг дараалан хэрэгжүүлээд байна,
2015 онд Ирантай дэлхийн зургаан их гүрний байгуулсан цөмийн гэрээг Дональд Трамп ач холбогдол муутай, Тегераныг цөмийн зэвсэгээс ангижруулах, бүс нутаг дахь нөлөөг нь хязгаарлах чадамжгүй гэж шүүмжилж байв. Үүний хариуд Иран улс мөн гэрээний зарим амлалтаасаа татгалзаж, цөмийн зэвсэгт ашиглах түвшний уран баяжуулах ажлыг эхлүүлэхээ өнгөрсөн долоо хоногт зарласан юм.
Р.Төмөр
Эх сурвалж: Reuters