АНУ-ын "Форин полиси” сэтгүүлд "ОХУ-ын цөмийн биш жирийн байлдааны пуужин нь тэдний цөмийн зэвсгийн пуужингаас илүү аюултай. Вашингтон ойрын болон дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг цуцалснаар том алдаа гаргаж байна” гэж бичсэн нийтлэл хэвлэгджээ. Энэ нийтлэлийг бичсэн Роуэн Оллпорт "АНУ энэ гэрээнээс гарснаар нэг алхам урагшлах ч олон улсын аюулгүй байдлын салбарт олон алхмаар ухрах болно” гэж бичжээ. Түүний бодлоор Москва хүчин чадал ихтэй цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага бараг байхгүй. Гэхдээ хуурай газраас харвах шинэ пуужинг хүссэнээрээ ашиглах боломж бий. Энэ боломж нь АНУ-тай байгуулсан гэрээгээ цуцалснаар бүрдэнэ. Мөн гэрээнд зааснаар зөвхөн 500-5000 км-ийн зайд харвах боломжтой пуужинг хэрэглэх, бүтээхийг хориглосон байдаг байна. Түүнээс гадна Вашингтон, Москвагийн мэдэлд байдаг тусдаа пуужингийн хошуутай ойрын, дундын болон завсрын пуужинг устгах талаар заасан байдаг ажээ.
Тиймээс энэ гэрээг цуцлах нь аюултай гэж Оллпорт бодож байгаа юм байна. Гэхдээ Москва одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа учраас үүнд нь сэтгэл хангалуун биш байгаа ажээ. Тухайлбал, өнгөрсөн сард ерөнхийлөгч Владимир Путин "Ойрын, дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрээг талууд зэвсгээ хураасантай зүйрлэж болно” гэсэн байна. Харин АНУ-ын зэвсэгт хүчин болон нисэх хүчин НАТО-д энэ гэрээнд тусгагдаагүй онгоц, хөлөг онгоц, шумбагч онгоцноос пуужин харвах боломжийг зөвшөөрсөн аж. ОХУ үүний хариуд барууны орнуудын заналхийлэлд хариу өгөх ганцхан арга байгаа нь үхлийн хор хөнөөлтэй цөмийн биш пуужинг хөгжүүлэх юм. Энэ технологи нь Москвад байгаа, АНУ энэ гэрээнээс гарах нь үүнийг хэрэгжүүлэхийг ОХУ-д зөвшөөрч байгаа юм гэж "Форин полиси” сэтгүүлд онцолсон байна. Москва, Вашингтон 1987 онд хоёр орон пуужин эзэмших, үйлдвэрлэхийг хориглосон гэрээг өнгөрсөн жилийн аравдугаар сард цуцалж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
Х.ОЮУНБОЛД
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин