Одоогоор жил гаруй хугацааны өмнө буюу 2018 оны хавар УИХ-ын дарга асан М.Энхболд захирамж гарган "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Улмаар уг ажлын хэсэг яг жилийн өмнө эхний дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар уг дүгнэлтээ ажлын хэсгийнхэн байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ хүргүүлжээ. Гэвч оны сүүлээр УИХ хоёр сар шахам хугацаанд хуралдаагүй учраас ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээгүй. Харин өнгөрсөн хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэхийг удаа дараа шаардсан ч асуудлыг хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байна.
Одоогоор Оюутолгойтой холбоотой гурван ч дүгнэлт УИХ-д очсон хүлээгдэж байна. Дубайн гэрээнд хийсэн Аудитын байгууллагын дүгнэлт, АТГ-аас Оюутолгойн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлт, нөгөөх нь ийнхүү ил болоод байгаа УИХ дахь Ажлын хэсгийн дүгнэлт байсан юм.
УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюутолгой төслийг дагаж дэлхийн томоохон компани Монголд хөрөнгө оруулагчаар орж ирсэн. Ингэснээр татвараар дамжиж тодорхой хэмжээний орлого нэмэгдсэн, ийм төрлийн томоохон уул уурхайн төслийг монголчууд бие даан явуулах боловсон хүчин бэлтгэгдсэн гэх мэт Оюутолгойн гэрээний хэрэгжилтээр олон эерэг үр дүн гарсан. Гэхдээ аливаа бизнес харилцан ашигтай байх зарчим баримтлах учиртай. Гэтэл Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн явцад өмчийн эзэн Монгол Улсад ашиг багатай байгаа нь анхаарал татдаг. Хөрөнгө оруулагчдын, хувь нийлүүлэгчдийн, нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээнд оролцсон Монголын талын гишүүд Засгийн газар болон УИХ-ын тогтоол, чиглэлийг бүрэн баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь төслийн үйл ажиллагааны үр дүнгээс Монголын тал хүртэх үр ашиг, өгөөжийг буулгахад хүргэж байна гэж хардах үндэслэл байна” гэсэн.
Ингэснээр Монгол Улс 2039 онд нэг тэрбум ам.долларын өртэй үлдэх магадлалтай гэнэ. Мөн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ нь Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх мэт дүгнэлтийг гаргаад буй. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийх, хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байгаа. Асуудлыг ээлжит бусаар үргэлжүүлэн хэлэлцэх юм.
П.Анир
Эх сурвалж: Оллоо.мн