|

Дүр эсгэсэн ардчилал, популимзд идэгдсэн Монгол

batdorj 2019/08/21 342 0

Ардчиллаар түрий барьж, олон нийтийн өмнөөс хэмээн чанга дуугарч буй улстөрчид монголчуудад гай болж, лайг нь ард иргэд үүрч байна. Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй, хүний толгой дээрх өвсийг харах гэж үг бий. Яг үүнтэй адил монголчууд бид дотооддоо их, бага идэж, уусан, өөрийн төлөө, өрөөлийн төлөө хэмээн сонгуулийн жилийн мөчлөгт зориулан попорч амьдарч байгааг өдгөө дэлхий нийт анхааралдаа авлаа.

Улстөрчдөөс олон нийт хэрхэн яаж, ямар асуудалд попорч болдог, хэдийд өөрийгөө өмгөөлөхийн тулд ардчилал хэмээн чанга дуугарч болдгийг сурсан. Энэ нь эргээд ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг гадныхан, тэр дундаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд хэлсээр байна. "Азийн төлөөх Боао форум”-ын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форум Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн форумд оролцож байгаа нь энэ арга хэмжээний цар хүрээ хэр өргөн болохыг харуулж, бүс нутаг, олон нийтийн анхаарлыг Монгол Улс руу хандуулж байна. Ингэхдээ монголчууд тогоондоо өрнөж буй поплизмыг олж харахгүй байгааг мөн хэлж байна. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн форумд тавьсан илтгэлдээ "АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.” хэмээсэн. Түүний хувьд популизм хэдий өргөн хүрээнд байна хэмээсэн ч ямар сөрөг нөлөөтэй болохыг нь хэллээ.

Монголд ч ялгаагүй. Популист улстөрчдөөс болж аливаа бодлого, шийдвэр гацаж, ирээдүйд чиглэлсэн бус зөвхөн өнөө, маргаашаа бодсон, олон нийтэд тухайн цаг үедээ таалагдах гэсэн асуудлууд л шийдвэрлэгдэж байна. "Поп-ын хаадын чанга дуугарах нь ардчилал зөв гольдиролоор явах, эдийн засаг хөгжин дэвжихэд сөрөг нөлөөтэй байгааг дэлхий даяар хэлж, ярьж, тэдэнтэй тэмцэж эхэлсэн. Гэтэл манайд бол эсэргээрээ. Энэ тухай 2013 онд Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи ч хэлсэн.

Тэрбээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн VII бага хурлалд оролцох үедээ "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” хэмээн хэлсэн. Түүний хувьд Монголд ирсэн нь мөн л дэлхий нийтийн анхаарлыг татсан хэрэг байсан. Тэгэхээр эрхэм хатагтайн хэлсэн үг монгол дахь ардчиллын уур амьсгалыг товч, тодорхой хэлсэн нь энэ. Ардчиллыг бий болгохдоо нэг хүний хамраас ч цус гаргалгүй нийгмийн тогтолцоогоо өөрчилж чадсан хэмээн хэлж, ярих дуртай улстөрчдийн хувьд өдгөө өөрсдийгөө ямархан популистууд байсныг харуулж, дэлхийд улсынхаа нэр хүндийг унагаж байгааг ардчилал, хүний эрхийн нэр нөлөөтэй эрхмүүд хэлж байна. Тэдний үгнээс Монгол дүр эсгэсэн ардчилал, популимзд идэгдсэн гэдэг нь тодорхой харагдаж байгааг улстөрчид ухаарахгүй бол гадаад дахь нэр хүнд улам бүр унасаар байх нь ээ.

Х.Маргад

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top