Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улс болон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэнгээс /International IDEA/ хамтран зохион байгуулж буй "Бүх нийтийг тогтвортой хөгжилд татан оролцуулах нь” өндөр түвшний арга хэмжээ өнөөдөр НҮБ-ын төв байранд боллоо. Арга хэмжээг нээн Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга үг хэллээ.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ "НҮБ найман зорилтыг агуулсан Мянганы Хөгжлийн Зорилтуудаа 15 жилийн өмнө баталсан. Харин бид тухайн үед эдгээр зорилтуудад дээр ардчилал, хүний эрхийг сайжруулах гэсэн ес дэх зорилтыг өмнөө тавьж, чамгүй амжилтад хүржээ” гэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ Монгол Улс цаазын ялын тоогоор дэлхийд тэргүүлдэг байсан бол 2009 оноос хойш ялын дээд хэмжээ оноогоогүй болохыг дурдлаа. Мөн Монголын авлигын үзүүлэлт цөөн жилийн огцом буурсныг олон улсын Transparency International байгууллага үнэлснийг хэлэв. Монгол Улс иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Нийтийн сонсголын тухай хууль, төсвийг ил тод байлгахын тулд Шилэн дансны тухай хууль, төрийн албан хаагчдын хариуцлагыг сайжруулахын тулд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг тус тус санаачлан эхнээс нь дагаж мөрдөж эхлээд буй тухай онцоллоо.
Тэрбээр хоёр том гүрний дунд орших Монгол Улс 20 жилийн дотор бүс нутагтаа хамгийн ардчилсан, нээлттэй орны нэг болж чадсаныг дурдав. Монголын хэвлэл мэдээллийн салбар нээлттэй, эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд "Онлайн эрх чөлөө” эвслийг Монгол даргалж байгааг хэллээ. Мөн НҮБ онлайн эрх чөлөөний тал дээр конвенци гаргах нь зүйтэй, үүнийг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Мянганы Хөгжлийн Зорилтууд гол төлөв нийгмийн асуудалтай холбоотой байсан бол Тогтвортой Хөгжлийн Зорилтууд хөтөлбөр эдийн засгаа хөгжүүлэх, байгаль орчноо сайжруулах зорилтуудад түлхүү анхаарсан. Нийт 17 зорилго агуулсан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд хөтөлбөрт сайн засаглал, хүний эрх, хариуцлагатай холбоотой зорилго нэмж хэрэгжүүлэх саналтай байгааг Ерөнхийлөгч дурдав.
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг Монгол Улс 2016 онд даргалах бөгөөд даргалах хугацаанд дээрх зорилгуудад хүрэхийн тулд идэвхитэй хамтран ажиллахыг Ерөнхийлөгч танхимд цугларсан олон улсын төлөөлөгчдөд уриаллаа. Швейцарийн Холбооны Улстай Монгол Улс төлөөллийн ардчилал, шууд ардчиллын чиглэлээр идэвхитэй хамтран ажилладаг ба цаашид ч дэлхий дахинд сайн үйлсийг бүтээхийн төлөө зүтгэхээ мэдэгдэв.
Дараа нь Бүгд Найрамдах Ботсвана Улсын дэд Ерөнхийлөгч Моквээци Масиси тэргүүтэй гадаадын төлөөлөгчид үг хэлснээр арга хэмжээ үргэлжлэв.