|

Дональд Трамп Туркийн Ерөнхийлөгчид 100 тэрбум ам.долларын гэрээ санал болгожээ

mart 2019/11/13 250 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдоганд 100 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулахыг, түүнчлэн Оросын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авсны хариуд Анкарагийн эсрэг авна гэж мэдэгдсэн хориг арга хэмжээтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг шийдэх "тойруу зам”-ыг санал болгосон гэж "Washington Post” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан бичжээ.
Эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар, АНУ, Туркийн харилцааг сайжруулах зорилготой ийм саналыг Америкийн удирдагч Туркийн Ерөнхийлөгчид өнгөрсөн долоо хоногт илгээсэн захидалдаа тавьсан байна.
 
Трампын энэхүү санал нь өнгөрсөн сард Сирид цэргийн ажиллагаа явуулсных нь хариуд хориг арга хэмжээ авахыг дэмжсэн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчдыг "хилэгнүүлж” магадгүй гэж "Washington Post” сонины мэдээнд дурджээ.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган энэ сард АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай шинэ үеийн сөнөөгч онгоц болон Оросын С-400, Америкийн Patriot агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборыг худалдан авахтай холбоотой асуудлыг, мөн Сирийн байдлыг хэлэлцэнэ.
 
Оросын С-400 цогцолборыг Турк худалдан авсан нь Турк, АНУ-ын харилцаанд хямрал үүсгэсэн билээ. Уг цогцолборыг долдугаар сарын дунд үеэс Туркт нийлүүлж эхэлсэн юм. Есдүгээр сарын дундуур С-400 системийг нийлүүлэх хоёр дахь үе шат дууссан. Эрдоганы хэлснээр, Оросын зенитийн пуужингийн системийг 2020 оны 4 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулна. Харин Вашингтоны зүгээс энэхүү хэлэлцээрээсээ татгалзаж, Америкийн "Patriot” системийг худалдаж авахыг шаардсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн F-35 сөнөөгч онгоцуудыг Туркт худалдах хугацааг хойшлуулах эсвэл бүр цуцална гэж сүрдүүлсэн юм. Мөн CAATSA хуулийн дагуу хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн боловч Анкара буулт хийхээс татгалзсан билээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

top