- Эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд эрхээ авахаар байна
- МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч Иран залууд боломж илүү өндөр байгаа юм
- 2020 оны тавдугаар сарын 25-ныг хүртэл манай жүдочдын оролцож, чансааны оноогоо ахиулах боломжтой есөн тэмцээн байна
Японы нийслэл Токио хотноо зуны спортын XXXIII наадам эхлэхэд 231 хоног үлдээд байна. Арлын оронд болох олимпын наадамд манайхан жүдочдоосоо өндөр амжилт хүлээж буй. Тэр ч утгаараа Монголоос хэчнээн тамирчин Токиог зорих боломжтой байгааг урьдчилсан байдлаар хүргэе. Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох журам хамгийн оновчтой, хамгийн шударга зарчимтай гэхэд болно. Олимпын эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог. Олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. ОУЖБХ-ны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар эрэгтэй жин тус бүрийн эхний 24, эмэгтэй 18-д багтсан тамирчид олимпын эрхээ шууд өвөртөлнө. Үүнээс гадна эрх аваагүй жиндээ квот авна. Манайхаас эмэгтэй дөрөв, эрэгтэй долоо, мөн квотоор нэг, нийт 12 жүдочоо Токио руу илгээх боломжтой. Мөн холимог багийн төрөлд оролцохоор байна. 2019 оны тэмцээн Мастерсаар отголох бол 2020 оны цуврал тэмцээн Тель-Авивын гранпригаар эхлэх учиртай.
60 кг: Энэ жинд Монголоос хамгийн өндөр чансаатай байгаа нь гавьяат тамирчин Д.Амартүвшин. Тэрбээр чансааны 11 дүгээрт эрэмбэтэй яваа. Харин түүний араас гавьяат тамирчин Г.Болдбаатар, ОУХМ Л.Өнөболд нар жагссан. Ер нь дээр дурдсан гурван бөхийн нэг нь Токиог зорино. Яг өнөөдрийн хувьд Д.Амартүвшин гавьяатад боломж арай илүү байгаа юм.
66 кг:Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Б.Эрхэмбаяр гэсэн таван жүдоч дотооддоо өрсөлдөж буй. Гэхдээ магадлал өндөртэй нь Г.Хэрлэн, Ё.Басхүү, Д.Алтансүх нар. Дээрх таван бөхөөс Г.Хэрлэн бусдыгаа олон улсын чансаагаар тэргүүлж байгаа бөгөөд Г.Хэрлэн, Ё.Басхүү нарын нэгийг сонгож Токио руу илгээх болов уу.
81 кг: Уг нь энэ жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын нэг нь эх орноо төлөөлж Токиод барилдах магадлалтай байсан. Магадгүй О.Ууганбаатарт илүү боломж байсан биз. Байсан гэж бичсэний шалтгаан нь Ираны бөх Саеид Моллаей Монголын иргэншилтэй болсноор дээрх хоёр тамирчны боломж бараг хаагдлаа. Хэдийгээр МЖБХ-ноос олимпод оролцох нь хэнд ч нээлттэй гэж тайлбарласан ч иран залууд боломж илүү өндөр байгаа юм. Тэр чансааны гурав-дугаарт эрэмбэтэй, бас дэлхийн аваргаас алт, хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпоос медаль шүүрэх гол таван тамирчны нэг.
90 кг: Тавдугаар сарын 25-ныг хүртэл Г.Алтанбагана чансаагаа хадгалж чадвал олимпод оролцох нь тодорхой. Мастерс, Их дуулга, гранпригаас медаль авахгүй байсан ч бага хэмжээгээр чансааны оноо халааслаад байвал тэр бусад жүдочтойгоо Токиог зорино. Энэ жинд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр Г.Алтан-багана олимпод оролцох биз.
-100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар дотооддоо ямар ч өрсөлдөгчгүйгээр олимпод оролцоно. Тавдугаар сар хүртэл түүний чансаа буурлаа гэхэд 15-аас доош буухгүй болов уу.
+100 кг: Дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр олимп, дэлхийн медальтан болохын төлөө Токиог зорих уу, эсвэл зодог тайлах болоогүй гэдгээ нотолсоор яваа Н.Түвшинбаяр уу гэсэн сонголт байна. Гэхдээ магадлал Ө.Дүүрэнбаярт илүү бий. Н.Түвшинбаяр аваргын хувьд олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд залуу тамирчдад боломж олгох биз. Нөгөөтэйгүүр тэрбээр ирэх оны гуравдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх учраас үүнд гол анхаарлаа хандуулах байх.Мастерс болон 2020 оны насанд хүрэгчдийн УАШТ түүний оролцох хамгийн сүүлчийн тэмцээн ч байж мэднэ.Эрэгтэйчүүдийн хувьд ийм байна. 90, -100 кг-ын жинг эс тооцвол бусад жинд олимпод оролцох жүдочийг үзүүлэлтээр шалгаруулах биз. Харин одоо эмэг тэйчүүдийг сонирхоё.
48 кг: Гавьяат тамирчин М.Уранцэцэгт ямар ч өрсөлдөгч байхгүй. Хэдийгээр Г.Наранцэцэгийг нэрлэж болох ч олимпод Урнаа гавьяатыг сонгох нь тодорхой. Түүний хувьд бүх анхаарлаа Токио руу хандуулсан учраас боломжоо алдахгүй биз.
52 кг: Л.Сосорбарам, Б.Хорлоодой гэсэн хоёр тамирчин бий. Гэхдээ үзүүлсэн амжилт, барилдааны арга барилыг нь харвал Л.Сосорбарам илүү боломжтой. Токиод дээгүүр амжилт ч үзүүлж мэднэ.
57 кг: Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа-гийн дотоод дахь гол өрсөлдөгч нь Л.Энхрийлэн. Гэхдээ Д.Сумъяа олимпын аварга гэж дуудуулахыг хүсч байгаа учраас боломжийг алдахгүйг хичээнэ. Токиод оролцох боломж Д.Сумъяад 90 хувь байна.
63 кг: Энэ жинд Б.Ганхайч, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг нар бий. Аль нь ч олимпод оролцохыг үгүйсгэхгүй. Боломж хоёуланд нь 50 хувь. ОУЖБХ-ноос гаргасан чансаагаар Б.Ганхайч 19, Б.Мөнгөнчимэг 33 дугаарт эрэмбэтэй байна. Тэгвэл 70, -78, +78 кг-ын жинд манай эмэгтэйчүүд олимпын чансаанаас хол байгаа бөгөөд нэг тамирчин ОУЖБХ-ны квотоор оролцох боломжтой. Дашрамд сонирхуулахад, ОУЖБХ-ноос зохион байгуулдаг гранпри тэмцээнд түрүүлсэн бөх чансааны 700, Их дуулгад 1000, Мастерст 1800, ДАШТ-д 2000 оноо олгодог билээ.