|

Антарктидын тухай хүүрнэл

saikhnaa 2019/12/23 438 0

Энэ жил хүн төрөлхтөн Антарктидыг эзэмшиж эхэлсэний 60 жилийн ой тохиож байна. Тэртээ 1959 оны 12-р сарын 1-нд АНУ тэргүүтэй 12 орон Антарктидийн гэрээг анх үзэглэж, мөсөн тивийн ашиглалтыг хуульчилсан түүхтэй. 

 2013 онд алс холын Болгар улсад элчин сайдаар сууж байсан ангийн найз доктор Дүгэржав маань утас цохиж Антарктидын гэрээнд нэгдэх асуудлыг биечлэн хөөцөлдөхийг үүрэгдлээ. Сайн найз, сайдын өгсөн үүргийнх нь дагуу Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байсныхаа хувьд БОНХ-ийн Оюун сайдаасаа чиглэл авч, тухайн ажилд ханцуй шамлан орж байж билээ.

Гадаад яамны ажилтан бүсгүй Батчимэг, ШУТИС-ийн багш Ганхуяг, Антарктидэд зорчсон хоёр дахь  судлаач Чулуунбат бид нар бичиг цаасны ажлыг бүрдүүлэх, Засгийн газрын хуралдаанаар оруулах, их хурлын байнгын хороогоор оруулах, дараа нь их хурлаар оруулах зэрэг асуудал ахин дахин буцаж зэрэг дээшээ доошоо гүйсээр жил гаруй явсаны эцэст батлагдаж, Монгол улс Антарктидын гэрээнд нэгдсэн 53 дахь орон болж чадсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийд данстай 200 орноос  54 орон энэ гэрээнд нэгдээд байна. 

Энэ гэрээнд орохын ашиг нь юу юм? Бид татвар төлөх юм уу? гэх зэрэг асуултуудад заримд нь үнэн, заримд нь жаахан мушгирсан хариулт өгч байж батлуулсан энэ гэрээний дагуу Монгол улс өнөөдөр жил бүр 50.000 доллар төлдгийг эс тооцвол бид удахгүй тэндээс ашгаа хүртэх боломж бүрдэхэд ойрхон байна.

Олон сая  жилийн турш овоорч хөлдсөн мөсөн дор  дэлхийн ёроолд, хүн төрөлхтөний ашиглаж эхлээгүй асар их баялаг бий. Цэвэр усны хомсдолд ороод эхэлчихсэн манай гаригийн 8 тэрбум хүнд барагдахгүй их нөөц тэнд байна. / Дэлхийн цэвэр усны нөөцийн 90%/.  Харамсалтай нь дэлхийн дулаарал сүүлийн 30 жилийн турш Антарктидэд бусад тивээс гурав  дахин хурдан явагдаж байгааг Их Британийн Антарктидын удирдлага (BAS) баталсан байдаг. Мөн мөсөн бүрхүүлийн зузаан ч эрс багасч байгаа нь ажиглагджээ.  

Оросын сайтын цаг агаарын өнөөдрийн мэдээг харахад Антарктидын бараг голд нь байршдаг "Восток” станцын орчимд -42С байгаа нь 1982 онд болсон нэгэн үйл явдал санагдуулав.  Тачигнасан хүйтэн Антарктидын өвөл эхлэх 3-р сард "Восток” станцад ажиллаж байсан ганц цахилгаан дулаан үүсгүүр генератор нь шатаж жинхэнэ горе болсон юм байх.. Орос мужикууд тэгэхэд 6 сарын түнэр харанхуй шөнө, тасралтгүй балбах цасан шуурганд нэг нь үхэж үрэгдэлгүйгээр тэсэж гарсан байдаг. 

 Манай дэлхийн хүйтний тууль -89.6С хүрч байсан энэ станцад хүйтэн өвлийг ямар ч мэдээлэл солилцох, онгоц буух боломжгүй болсон тэр үеийг тэсэж гарна гэдэг хэний ч санаанд багтахааргүй үйл явдал болж байлаа. Манай анхны туйл судлаач Цэрэндэлэг Чулуунбат нар ч энд жил шахам ажиллаад ирсэн юм билээ. Энэ үетэй давхцаад станцын ойролцоо 4000м-ийн гүн өрөмдсөнөөр асар том цэнгэг устай нуур илрүүлж, судлаач нар нь цагтаа ЗХУ-ын төрийн шагнал мөн хүртэж байсан юм. Нуурын нийт талбай нь манай Хөвсгөл нуураас дөрөв дахин том, усны температур нь Хөвсгөлөөс илүү дулаахан байсан гэвэл та үнэмших үү? Өнөөдрийн байдлаар орон орны судлаачид зузаан мөсөн доороос янз бүрийн хэмжээтэй 140 ийм нуур олоод байгаа аж.    

1961 оноос үйлчилж эхэлсэн Антарктидын гэрээнд зааснаар Антарктид тивийн газар нутаг нь аль ч улсад харьяалагдах ёсгүй, түүн дээр зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийж болно гэж заасан байдаг ч,  мөсөн тивийн дор нуугдаж буй асар их  хэмжээний ашигт малтмал тухайлбал төмрийн хүдэр, чулуун нүүрс, молибден, никель, цагаан тугалга, болор, гялтгануур, графит эндээс олдож, судалгаа явуулж буй улс орнуудын эздийн гижгийг хүргэсээр байгаа нь нууц биш болоод байна.   

1991 онд Мадридад батлагдсан гэрээний дагуу Антарктидэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг 50 жилийн хугацаагаар хатуу хориглосон юм. 

Гэвч АНУ-ын Геологийн алба Антарктидын зузаан мөсөн дор  6.5 тэрбум  нефть, 4 их наяд гаруй куб м. байгалийн хий олсон тухайгаа баталсан байдаг.  Газар газрын  гүний өрмийн мастерууд өнөөдөр ийнхүү мөсөн тивд олз омог ихтэй байна. 

Сүүлийн үед Антарктидын тухай их яригдах болсон нь мэдээж АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг  мэтийн мангас орнуудын эдийн засагт  их хэмжээний эрдэс баялаг хэрэгтэй болсоных. Мөн орчин үеийн технологийн хөгжил нь Антарктидын ордуудыг олборлох талаар зоригтой авч үзэх цаг нь ирээд байгааг харуулаад байгаа юм.   

 Зарим улсууд эндээс газар нутаг таслан авах ашиг сонирхол нь ихэсч байна. Жишээ нь: Норвеги улс гэхэд өөрийн газар нутгаасаа 10 дахин том ПетрI хаанаар нэрлэгдсэн арлыг авах сонирхолтой байгаа бол шуналтай Британичууд бүр 1 сая кв. км газрыг өөрийн эзэмшилд авахыг хүсч байгаагаа 2007 онд мэдэгдэж байжээ. Антарктидын нийт газар нутгийн хэмжээ 15 сая кв. км байдаг бол тэн хагасыг нь Австрали улс өөрийнхөөгөө гэж үздэг гэнэ. Өргөргийн 60 градусаас урагш байрлалтай Өмнөд далайн орнууд гэгдэх Шинэ Зеланд, Чили, Аргентин,  зэрэг улсууд  өнөөдөр Антарктидын хойг болон Өмнөд Шетландын арлуудыг манайх гэж маргаж байна. Япон улс Антарктидад өөрийнхөө зардлаар хайгуул хийсний үндсэн дээр маш гүнээс байгалийн хий олдсон, түүнийг олборлох технологи Японоос өөр улсад байхгүй учир бид эзэмших эрхтэй хэмээн маргадаг аж.   

 1982 онд НҮБ-ээс  батлагдсан далайн эрхийн Конвенцийн дагуу Антарктидийн арлуудын  эргэн тойрны 200 милийн эдийн засгийи бүсийг дээрх улсуудад өгснөөр маргалдагч улсууд энэ бүсийг хууль зүйн хүрээнд хянах болсон байдаг. 

Анх  1819 онд Оросын эрдэмтэн судлаач Беллинсгуазен Лазарев нар Антарктидыг нээсэн үеэс эхлэн  бараг хоёр зуун жилийн турш Орос улс энд өөрийн эзэмшлийн газар нутагтай байхыг санаархаж эхэлсэн түүхтэй. Хүйтэн дайны үед баруун зүүнээрээ хуваагдан тэмцэлдэж байсан АНУ ЗХУ хоёр 1957 онд Антарктидэд баазуудаа зэрэгцүүлэн байгуулж эхэлсэн бол одоо тэнд 30 гаруй орны 70 шахам эрдэм шинжилгээний станцад  зун 5 мянга гаруй, өвөлдөө мянгаад хүн суурин ажиллаж байна. Тэнд байдаг хамгийн том баазыг Америкууд эзэгнэдэг бол сүүлийн үед оройхон гараад ширүүхэн дарж яваа улсаар манай урд хөршүүд тодорч байгаа гэнэ шүү. 1985 онд нээсэн бааз дээрээ жуулчды татах зориулалттай асар том "Цагаан хэрэм” зочид буудал тэд барьж байгаа талаар доктор Дүгэржав ярьсан юм. Бидний уудаг уснаас даруй 40-50 дахин их хүчилтөрөгчтэй цэвэр цэнгэг усыг нь уунгаа, халим пингвин зэрэг улаан номонд орсон амьтдыг үзээд ирэхийг сонирхохгүй хэн байх билээ. Хятадууд бол хаанааас мөнгө босгохоо хэнбугайгаар ч заалгахгүй.

Ийнхүү Антарктидын эзэмшлийн төлөө хийсэн дайн 1982 оноор дуусгавар болохгүй нь бололтой. Их Британи, Аргентин хоёр  Фолкланд хэмээх толбохон чинээ арлын төлөө хоёр сар гаруй байлдсаныг санаж байна уу?   

                            Антарктидын төлөөх тулаан аль хэдийнэ  эхэлжээ.

                                                           Ш.Пүрэвсүрэн

                                                           2019-12-22

Санал болгох

Сэтгэгдэл

top