"Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийн дагуу энэ сарын 1-нээс элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушги, бүдүүн гэдэсний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд үнэ төлбөргүй хамрагдах болсон. Ингэхдээ 40-өөс дээш насныхан элэгний В,С вирус илрүүлэх болон элэгний архаг үрэвсэл, хатууралтай бол ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээг жилд нэгээс хоёр удаа өгөхөөр болжээ.
30-60 насны эмэгтэйчүүд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 40 ба түүнээс дээш насны иргэд ходоод улаан хоолойн хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, 50 болон түүнээс дээш насны иргэд уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдахаар уг хуульд тусчээ.
Харин Орхон аймаг 2017 оноос зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсаар ирсэн юм. Өнгөрсөн онд л гэхэд "Эрүүл Эрдэнэт хүн” аян хэрэгжүүлж элэг, улаан хоолой, ходоод, уушги, БЗХӨ-ийг илрүүлэх шинжилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнээс уушгины үзлэг, шинжилгээнд 500 иргэн хамрагдсанаас уушгины хорт хавдартай хоёр иргэнийг илрүүлж эмчилгээг нь эхлүүлсэн байна.