|

Г.Жаргалсайхан: Цахимын зөв хэрэглээг байгууллагаасаа эхлэх хэрэгтэй

mart 2020/01/16 522 0

Монгол Улсыг анх цахимжуулахад гар бие оролцож явсанГалдангийн Жаргалсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрээр"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар ажилладаг юм.


-Цахим хэрэглээний талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Сайн, муу гээд. Монголд анх интернэт нэвтэрч байсан талаар яриагаа эхэлбэл?

-1996 онд Д.Энхбат захиралтай "Датаком” компани Монгол Улсад интернэтийн үйлчилгээг нэвтрүүлж байлаа. Энэ ажилд гар бие оролцсон 10 гаруй хүн байдаг. Үүний нэг нь би. Тухайн үед би Политехникийн дээд сургуулийн харъяа болох Холбоо, мэдээллийн технологийн сургуульд электроникийн мэргэжлээр сурч байсан. "Датаком”-д ажилтан авна гэхээр нь сургуулиа төгссөн гэж хэлээд дөрөвдүгээр курст байхдаа уг компанид орж байлаа. Тухайн үед олон улсын байгууллагууд интернэтэд холбогдож дараа нь төрийн байгууллага тэгээд хувийн хэвшлийнхэн байв. Бид интернэт холболт, програм хангамжийн дуудлагаар их явна. Албан байгууллагуудаар явж интернэт суурилуулж өгдөг байлаа. Ер нь интернэтийн үйлчилгээ, програм болон техник хангамжийн анхны инженерүүдийн нэг хэсэг нь бид байв. Үүгээрээ ч их бахархдаг байсан. Хаа ч явсан хүмүүс хүндэтгэлтэй харьцдаг, танил талын хүрээ ч нэмэгдэж байлаа. Одоо бодоход тухайн үед монголчууд мэдээллийн технологи, интернэт хэрэглээний боловсрол, зөв хэрэглээний талаар ойлголт тааруу дөнгөж л сурч эхэлж байж. Өнөөдөр хуурамч мэдээлэл, гүтгэн доромжлол, тархи угаалт зэрэг ёс бус хандлага руу чиглэж байгааг хараад заримдаа харамсдаг.

-"Датаком” компанид хэр удаан ажилласан бэ?

-"Датаком”-д анх интернэт холболт, програм болон техник хангамжийн дуудлагын инженерээр ажиллаж эхэлсэн. Тэгээд сүлжээний менежер, системийн админстратор хийж байсан. Монгол Улсын интернэт холболтыг хариуцаж байсан гэхэд хилсдэхгүй дээ. Тухайн үед манай компани Эрдэнэт үйлдвэрийн интернэт холболтын үйлчилгээг хариуцан ажиллаж байлаа. Тэгсэн Эрдэнэт үйлдвэрээс гэрээ байгуулан мэргэжлийн дагуу ажиллаач гэсэн санал ирж 2002 оноос ажиллаж гурван ч удаа гэрээгээ сунгаад дараа нь үндсэн ажилтнаар администратор гэсэн ажлын байр анх бий болгон орж байсан. Датакомд хамт ажилладаг байсан нөхдүүд маань одоо зарим гадаад оронд мэргэжлээрээ ажиллаж, зарим нь интернэт үйлчилгээний компани /ISP/ удирдан, зарим төрийн албанд ажиллаж байна.

-Үйлдвэрийн мэдээлэл, технологийн асуудлыг бүрэн хариуцана гэдэг асар их хариуцлагатай ажил. Нэг горим, технологи алдахад үйлдвэрт доголдол гарч зогсоход хүрдэг байх. Техник, технологийн шинэчлэлтийн ажлыг байнга хийдэг биз?

-Тэгэлгүй яахав. Миний бие 2016 оноос үйлдвэрийнхээ Холбоо, мэдээллийн технологийн цехийн даргаар ажиллаж байна. 250 ажилтантай, үйлдвэрийн хэмжээнд холбоо харилцаа, мэдээллийн технологи, бүх төрлийн автоматжуулалтын асуудлыг хариуцан ажилладаг. 2019 оны хавраас төрийн өмчит үйлдвэрийн газар болж бүтэц, орон тоо өөрчлөгдөж, Засгийн газрын болон Төрийн өмчийн газрын шийдвэрээр шинээр Мэдээллийн технологийн хэлтэс байгуулан ажиллах шийдвэр гарч даргаар нь томилогдон гүйцэтгэлийн гэхээсээ бодлогын түвшинд ажиллахаар болсон. Одоо 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйлдвэрийн холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Гол нь олон улсын хэмжээнд гарсан, тодорхой үр дүнг өгсөн орчин үеийн ухаалаг технологи, систем шийдлүүдийг үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд оновчтой нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэн орох үйл ажиллагааг эхлүүлэх, цаасгүй технологийг нэвтрүүлэх ажлыг зорилгоо болгон ажиллаж байна.

-Эрдэнэт үйлдвэр өөрийн гэсэн онцлог, соёлтой байгууллага. Энэ нь оросуудтай их холбоотой байх. Байгууллагын соёл хувь хүнийг "соёлжуулдаг”. Энэ соёлыг бий болгоход танай хэлтсийн үүрэг их биз?

-Ганцхан жишээ хэлье л дээ. Монголчууд уул, уурхайн чиглэлээр ажиллаад 70 орчим жил болж байна. Бусад улсад 200, 300 жил болсон байна. Зарим бүр 800-аас дээш жилийн түүхтэй ч улс орон байна. Тэгэхээр цаг хугацааг дагаад түүх, соёл, бодлого, тогтолцоо нь өөр байдаг.

Манай Эрдэнэт үйлдвэрийн эхний 40 жил нь үндсэндээ Оросын соёлд нэвтрэн суралцсан. Орос ах нар, мэргэжилтнүүд соёл түгээсэн. Хамтран ажиллах, хариуцлагатай байх, үүрэг оролцоо гэж юу болохыг ойлгуулсан байдаг. Гэтэл одоо дараагийн 40,50,60 жил ажиллах нөхцөл үүсч байна. Үүнтэй холбоотой зөв хандлага, сайн соёлыг түгээн суулгах ажил байна. Үүний хажуугаар харамсмаар зүйл нь сүүлийн үед албан тушаалд эрээ, цээргүй шунаж, үйлдвэрийн соёлыг эвдэж байгаа маш олон муу үзэгдэл гарах болсон. Хүн бүр дарга болох гэж дайрахаар хэн ажил хийх вэ. Үүнтэй зэрэгцээд л байгууллагын соёл яригдаж эхэлнэ. Технологи хөгжсөөр байхад бид цаасаа шидэлцсээр л байдаг. Энэ чинь бас соёл шүү дээ. Үүнийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Залуучууд бид л хамтран хийж, хэрэгжүүлнэ шүү дээ. Сүүлийн хорь гаран жилд бид бүрэн эрх чөлөө ярилаа. Хариуцлагыг харин мартсан байсан. Байгууллагын соёл, хувь хүний соёл гээд соёлын хүрээнд яривал олон зүйл бий.

-Та түрүүн цахим хэрэглээний талаар товч дурдаад өнгөрсөн. Ер нь хэрэглээг зөв болгохын тулд бид хаанаас эхэлбэл оновчтой вэ?

-Зөв хэрэглээг бий болгоход зохион байгуулалтын олон ажлыг нийгэмд өрнүүлэх хэрэгтэй. Ядаж л байгууллага дотроо энэ чиглэлийн ажлуудыг хийгээд эхэлбэл зохих үр дүн гарна.

-Ярилцсанд баярлалаа.


Санал болгох

Сэтгэгдэл

top