Орхон аймаг, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай 2020 оныг хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд жил бүр 2 тал хамтарсан ажлын хэсэг гаргаж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлдэг уламжлалтай.
2019 онд Орхон аймаг, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтээ 90.7 хувьтай дүгнэлээ.
Өнгөрсөн онд 5 чиглэл 13 арга хэмжээг төлөвлөгөөнд тусган хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр "Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк”-ын үйлдвэрлэсэн гагнуурын электродоос тус үйлдвэр 52 тонныг худалдан авахад 315 сая төгрөг зарцуулжээ. Түүнээс гадна "Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаас 38 тэрбум гаруй төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь нийт худалдан авалтынх нь 9 орчим хувийг эзэлжээ.
Мөн "Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр, төлөвлөгөө”-г боловсруулж АИТХ-аар батлуулсан. Ингэснээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн Хаягдлын аж ахуйн 600 га гаруй талбайд тусгай бодис ашиглан цагаан тоосыг барьцалдуулж дарах ажлыг хийжээ.
Ийнхүү 2019 онд амжилттай хамтран ажилласан Орхон аймаг, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд 20 орчим ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төслийг боловсруулж байна.