Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж О.Баасанхүү гишүүнийг "Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж, УИХ-д үсрээд орж ирсэн” гэж цоллодог л юм. Харин гишүүн Ж.Батзандан түүнийг "Б.Хурцын машины хонины хонхорт чимээгүй суудаг төлөг" гэж гоочилдог. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимаас олон нийтэд хүрсэн эдгээр үгс хэн нэгэнд өс зангидсандаа бус гашуун үнэн болох нь өдөр хоног өнгөрөх тусам батлагдаж байх шиг. Үүний илрэл гэлтэй Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан Б.Хурц, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын уулзалтын талаарх бичлэг олон нийтэд цацагдлаа.
Бичлэгийн хүрээнд О.Баасанхүү МАХН-ыг яагаад ”шинэ”-ээр байгуулах гэж улайрсан, уг үйл явцын ард хэн байсан нь ил болов. Бичлэгийг анхааралтай сонсвол "Жилдээ 100 сая төгрөг байхад явна. 100 мянган ам.доллар өгчихвөл "алах” гээд байна. Б.Хурцыг Солонгос явчихвал бүр их мөнгө олно. Эхлээд 50 мянган ам.доллар өгчих. Түүгээр би тоглоё. Хэрвээ казиногоор ялагдвал тэгээд больё. ””Сахал” Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна шүү, энүүхэндээ".
Генералын цэрэг нь би. Энэ хүн миний дарга. Дэслэгчийн хувьд энэ хүний өмнө ёсолж байна” гэж ярих нь тод сонсогдоно. "Б.Хурцыг Солонгос явчихвал бүр их мөнгө олно” гэх ярианаас харвал түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үе гэдэг нь илт.
Нэгэн цагт "Сахал" Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг МАНАН бүлэглэлийн толгойлогчоор, Тагнуулын Дарга асан, генерал Б.Хурцыг зуучлагчаар нь нэрлэдэг байв. Харин дээрх бичлэг ил болсноор О.Баасанхүү гэсэн бас нэгэн зуучлагч ил болсон хэрэг. УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдон, тэгэхдээ Н.Энхбаярын оймсонд хавчуулагдан орж ирсэн О.Баасанхүүг олон нийт намын даргаас нь холдуулж хардаггүй байлаа. О.Баасанхүү ч хэний эрх ашгийг хэрхэн хангаж гэж УИХ-ын гишүүн болсноо хангалттай харуулсан байдаг юм.
Харин Орхон аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоход нь арай өөрөөр хардаг байв. Өөрөөр гэдэг нь О.Баасанхүү хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд МАХН-ын дарга Н.Энхбаяртайгаа хангалттай зөрчлийг бий болгосон. Өөрийгөө МАХН-ын даргаар "томилж” хүртэл үзсэн. Дээд шүүх бүртгээгүй л болохоос. Гэвч өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийгөө АН-аас илүү сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ирсэн хэмээдэг О.Баасанхүүгийн үнэн төрх сонгуулийн өмнө ийнхүү ил болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу?
Эсрэгээрээ чуулганы индрээс үг хэлэхдээ ард түмэн, сонгогчдын талд зогсож, парламентаар хэлэлцэж байгаа асуудлаар санал хураах бүрт лайв хийдэг, шударга дүртэй О.Баасанхүү үнэн төрхөө нуун далдлах шалтаг, шалтгаан байсан нь тохуутай биш гэж үү?. Хэрвээ Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар явсан бол өөрийнх нь хэлдгээр "Бүр их мөнгө олох” байсан гэлтэй. Харин тэрхүү мөнгө нь юунд зарцуулагдах байсан бол гэдэг нь эргэлзээтэй.
H.Энхбаяртайгаа ана, мана үзэлцэж МАХН-д эзэн суух хүслийг нь биелүүлэх байсан уу? Эсвэл шударга дүртэй О.Баасанхүүгийн дараагийн тэмцлийн суурийг тавих байв уу хэлж мэдэхүй юм. Буруу замаар орж ирсэн мөнгө буруу замаар гарах нь л үнэн.
О.Баасанхүү гишүүн тайлбар хийсэн байна лээ. "Миний бие МАХН-д хувиасаа 127 сая төгрөг зарцуулж, хуралдаан хийсэн. Миний 127 сая төгрөгийн асуудлыг АТГ-т 5 жил орчим хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Миний мөнгө ямар нэгэн бохир мөнгө биш гэдгийг тогтоосон. Нэг нам гэхэд л дор хаяж 50 сая төгрөгөөр судалгаа хийлгэдэг шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн нам хурал хийхэд 127 сая төгрөг гэдэг бол бага мөнгө. Тэрний 60 сая төгрөгөөр нь "Баянгол" зочид буудалд гишүүдээ байрлуулсан.
Мөнгө дууссан. Тийм учраас зургаа заръя гэж бодоод тухайн үед Ж.Батзандан намайг Б.Хурцтай холбож яриад байсан болохоор нь тусламж гуйсан. Өөрөөр хэлбэл, би Б.Хурцаас миний энэ асуудлыг шийдэж өгөх боломж байна уу гэж тусламж хүссэн юм. Тэр өөрийнхөө найз гэдэг талаасаа Т.Бадамжунай гэдэг хүнтэй уулзуулсан” гэж. Үнэн л байх. Гэтэл О.Баасанхүү гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ түүний жилийн орлого 22 сая төгрөг гэж мэдүүлсэн байх юм.
Эндээс асуудлын учиг ургаж байна. Тэр яагаад Б.Хурцтай, Т.Бадамжунайтай уулзав? Уулзахдаа ямар учраас 100 мянган ам.доллар нэхэв? ”Сахал” Эрдэнэбилэгийг шоронд явуулахгүй тоо бодоод л сууж байна шүү, энүүхэндээ” гэж яагаад тал засаж саймширч ярив гэдэг өөрөө асуулт. Намын санхүүжилт босгох гээд тагнуулын дарга асантай, сайд асантай зүгээр ч нэг тал засаад ярьдаггүй л болов уу?. Эртнээс тогтоосон холбоо, сүлбээ нь тэднийг эрх ашгаар нь нэгтгэсэн байж таарна.
Угаасаа улс төрд мөнхийн дайсан, найз байхгүй. Мөнхийн эрх ашиг бий гэдэг үгийн учиг ердөө л энэ. Хамгийн хачирхалтай, тохуутай гэмээр үйл явдал АН-ын дарга С.Эрдэнэтэй хонь, чоно шиг явж ирсэн О.Баасанхүү өнөөдөр тус намаас нэр дэвшихээр квот өвөртлөөд явж байгаа нь улстөрчдийн унаган авир байж болох ч Монголын ард түмэн, сонгогчдыг загасны ой санамжтай юм шиг доромжилж буйгаас өөрцгүй юм.
Г.ЭРХЭС