Улсын баяр наадмын Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоёр хүүхэд машинд мөргүүлэн гэмтсэн бөгөөд нэгийнх нь бие одоог хэрнэ сайнгүй байгаа юм. Хэрэг 7 дугаар сарын 12-ны орой гарсан бөгөөд хүүхэд дайрсан жолооч халамцуу байсан талаар эх сурвалжууд өгүүлж байв. Тэгвэл хүүхэд дайрсан жолоочоор хошин урлагийн "Эмоци" продакшны жүжигчин Д.Түвшинтөр гэдгийг эх сурвалжууд өгүүлж эхэлсэн байна.
Нутгийнхны хэлж буйгаар Д.Түвшинтөр нь шив шинэхэн, цагаан өнгөтэй "Lexus 5703 машинтай аймагтаа наадамлахаар очсон гэнэ. Улмаар осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн бололтой гэх яриа тус сумын иргэдийн дунд яригдаж байгаа аж. Мөн ослыг олон хүн хараагүй тул жүжигчин залуу хэргийн газрыг орхин зугтсан, цагдаа нар Д.Түвшинтөрийг Хотонд суманд явж байхад гүйцэж барьсан талаар орон нутгийн зарим эх сурвалж ярьж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн байцаах шатанд яваа, одоогийн байдлаар ямар ч мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм.
Харин Төөтөө буюу жүжигчин Д.Түвшинтөр өөрөө хэлэхдээ " Тийм зүйл ёстой байхгүй. Би энэ жил Хүй долоон худагт найз нөхөдтэйгөө морь үзээд л наадмыг өнгөрүүлсэн. Манай "Эмоци" продакшн "Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. Зав муутай байгаа шүү дээ" хэмээх хариултыг өгчээ.
Ямартай ч хоёр хүүхэд осолд орсон нь үнэн бөгөөд цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа аж. Харин хэрэг гаргасан этгээд нь жүжигчин Д.Түвшинтөр мөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хошин урлагийнхныг урлагийн бурхан тэнгэр нь шийтгэв үү гэлтэй зүйлс тун чиг олон тохиолдлоо. Эмэгтэйчүүд хоорондоо ус цацалцан шүүхийн хаалга таталцаж, авто осол, зуурдын өвчин ч хамтлагийнхныг тойрсонгүй. Хэрэв жүжигчин Д.Түвшинтөр хүүхэд дайраад зугтсан жолооч мөн болох нь тогтоогдвол шүүхийн хаалга татах дараагийн жүжигчин болох нь.