-Ийм заалт оруулж өгсөнд баярлалаа-
Монгол улсад авто замын ослоор нас барсан хүний тоо дайн байлдаантай орнуудад нас барж байгаа хүний тоотой бараг адилхан гарсан гэсэн нэг эмгэнэлтэй статистик байдаг.
Үүнд архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусдын амь нас болоод эрүүл мэндэд хор хохирол учруулсан нь олон. Харин архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоход хамт наргисан хамаатан садан, ах дүү найз нөхөд нөлөөлсөн тохиолдлууд асар их байдаг. Тээврийн хэрэгсэл жолоодож байгааг нь мэдсээр байж, "жоохон уучих, яах ч үгүй" гэж шахах, цагдаад баригдахгүй гэж "азандаа" найдаад явах зэрэг болчимгүй үйлдлүүд нөлөөлж, үүний үр дүнд эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд хохирох, бусдад их хэмжээний хохирол учруулах, өөрөө шоронд сууж ажил амьдрал, сэтгэл санаа, хувь заяагаараа хохирох гээд олон сөрөг үр дагавар гарч байдаг.
Харин үүнийг хязгаарлаж бусдыг тээврийн хэрэгсэл жолоодож байгааг мэдсээр байж, согтууруулах төрлийн ундаа уулгасан, шахсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх ийм нэгэн хууль ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Уг хуулийн 54.7-д заасан заалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эрхээ хасуулсан, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл "жолоодохыг шаардсан, нөлөөлсөн иргэн”-д шийтгэл ногдуулах юм байна. Шийтгэл нь иргэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.
Жолоодох эрхгүйг нь, согтууруулах ундаа хэрэглэснийг нь мэдсээр байж, бас гарах үр дагаврыг нь мэдсээр байж хамт наргиж, ууж суусан нэгнээ хэнэг ч үгүй машин тэргийг нь бариулаад "баяртай" гээд явуулдаг хэнэггүй, сэтгэлгүй муухай зан манай монголчуудад амь бөхтэй оршсоор байдаг. Ингэж хэлэхээр ам руу нь цутгасан биш дээ гэж хэлэх хүн олон л гарах байх.
Гэхдээ нэгэнт ийм хуулийн заалт хэрэгжээд эхлэхээр та хүссэн хүсээгүй өөрийгөө хазаарлаж сурах, бусдын ятгалаганд автахгүй байх, хүсээгүй байхад тань найз нөхөд, хамт олон тань архи, согтууруулах ундаагаар шахахгүй байх нь иргэн бүрийн хуулийн өмнө хүлээх хариуцлага болоод хуулчлагдаа гэсэн үг.
Олон улсад ч ийм төрлийн хууль журам байдаг. Тухайлбал, Япон улсад гэхэд авомашин согтуугаар жолоодсон жолоочийг 8,000 доллараар, түүнтэй хамт явсан, эсвэл согтууруулах ундаа хэрэглэчихээд байхад нь автомашин жолоодохыг шаардсан хамтрагчийг нь 3,000 доллараар торгодог юм билээ. Америкт бол эрхийг нь хасч, хүн тээвэрлэж явсан бол хүний амь нас, эрүүл мэндэд санаатайгаар заналхийлсэн гэж үзэж шоронд суулгах, үр хүүхдээ авч явсан бол эцэг, эх байх эрхийг нь хасч, хүүхдүүдийг нь хүнд өргүүлэх, улсын асрамжинд авах гэх мэтээр хатуу шийтгэл оногдуулдаг билээ.
Иймд түр зуурын мансуурал, сэтгэлийн хөөрөл, жаргалаас болж насан туршдаа хохирох гээгүй л бол та бүгд хичээгэрэй, өөрийнхөө төлөө, бусдын төлөө.