Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахим орчинд архи, согтууруулах ундааны зураг нийтэлсэн аж ахуй нэгж, хувь хүн, иргэнтэй хариуцлага тооцох тухайгаа мэдэгдлээ. Тодруулбал, "Twitter”, "Facebook” гэх нийгмийн сүлжээнд байршуулсан архи согтууруулах ундаатай холбогдолтой зургийг устгах талаар ЦЕГ-тай хамтран ажиллаж, иймэрхүү төрлийн зураг нийтэлсэн иргэдтэй утсаар холбогдож устгах тухай зөвлөмжийг хүргүүлж эхэлсэн гэнэ.
Тодруулбал, UFC Трейд ХХК-ийн дэд захирал Э.Энхбат твитер хуудсаар өөрийн компанийн архийг хууль бусаар сурталчилсан тул зөрчлийг арилгуулан, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан талаар ШӨХТГ-аас мэдэгдэж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.2.1-д "согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, кино, интернет, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах”-ыг хориглосон байдаг бөгөөд, энэ заалт нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хамаардаг, зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу 10 сая хүртэлх төгрөгөөр торгодог болохыг анхааруулж байна.