|

Шинзо Абэгийн эрүүл мэндийн талаар юу мэдэх вэ?

nomun 2020/08/27 770 0
 

Шинзо Абэгийн эрүүл мэндийн талаар юу мэдэх вэ?

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гаригт хоёр удаа дараалан Токиогийн эмнэлэгт очжээ. Үүнийг нь эрүүл мэндийн байдалтай нь холбоотой хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Энэ зуны гурав хоногийн амралтынхаа  хугацаанд тэрээр Токио хотын эмнэлэгт очиж, эрүүл мэндийн үзлэгтээ орсон. Энэ үеэр долоо хоног тутмын нэгэн сэтгүүлд Шинзо Абэг долдугаар сард ажлаа хийж байх үеэрээ цусаар бөөлжиж эмнэлэгт очсон хэмээн мэдээлж байсан.  Абэ ахлах сургуульд орсноосоо хойш шархлаат колит хэмээх ужиг өвчинтэйгөө тэмцэж байгаа. Шархлаат колит гэдэг нь бүдүүн болон шулуун гэдэсний шарх үүсгэдэг гэдэсний үрэвсэлт өвчин юм. Энэ өвчний үед суулгах, турах, ядрах, гэдэс хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Шалтгаан нь тодорхойгүй боловч дархлааны систем болон удамшил нөлөөлдөг гэж үздэг бөгөөд эдгэрдэггүй юм байна. Энэ өвчний үед цусны даралт ихсэх, жин нэмэх, яс сийрэгжих зэрэг гаж нөлөө илэрдэг. Энэ тохиолдолд хэрэглэдэг "5-ASA” буюу аминосалициллын хүчил агуулсан "Асакол” эмийг 2009 оноос Японд худалдаалахыг Шинзо Абэ зөвшөөрсөн байдаг. "Хэрэв "Асакол” хэмээх энэ эм Японд худалдаалагдаж эхлэхдээ илүү их хугацаа зарцуулсан бол би өнөөдөр хаана байх байснаа хэлэхэд хэцүү юм. Эдгэрэх боломжгүй ийм өвчний улмаас шаналж байгаа өвчтөнүүдэд амьдрал бэлэглэх нь миний үүрэг бас хувь тавилан юм” гэж 2003 онд ярьж байв. 
 
 Уур бухимдлаа удирдаж, эрүүл мэндийн хяналтад байнга байвал  энэ өвчин өдөр тутмын үйл ажиллагаанд бага сөрөг нөлөө үзүүлнэ. Зарим өвчтөн зургаан сар тутамд хорт хавдрын шинжилгээ өгдөг. Харин Шинзо Абэгийн хувьд жилд хоёр удаа үзлэгт хамрагддаг юм. Тэрээр "Миний эмчилгээ хоолны дуршлийг нэмэгдүүлж байна. Би өмнө нь бие дэх холестрин болон өөх тосны хэмжээ, таргалалт надад хамааралгүй зүйл гэж боддог байсан.  
 
Харин одоо үүнд анхаарлаа хандуулах ёстой” гэж 2017 онд ярьж байв. Цар тахлаас шалтгаалан энэ зун Шинзо Абэ төрөлх муждаа очиж амраагүй. Өдгөө 67 настай ч нэгдүгээр сараас хойш 142 хоног амралтгүйгээр онцгой байдлын хүнд нөхцөлд ажилласан түүний эрүүл мэндэд олон хүн санаа зовниж байна. Коронавирусаас гадна олимп нэг жилээр хойшилсон, эдийн засаг нь хямарч, ДНБ-ий хэмжээ буурсан гээд түүний санааг зовоох, бухимдуулах олон асуудал байгаа учир бие нь муудсан байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 



Санал болгох

Сэтгэгдэл

top