|

В.Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг таамаглах боломжгүй

zulaa 2020/11/24 197 0

В.Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг таамаглах боломжгүй

 

1999, 2000 онд төрсөн 2018 онд анх удаа сонгуульд оролцсон Оросын залуу үеийнхэн В.Путинээс өөр удирдагч мэдэхгүй. Владимир Путин ЗХУ задарч, авлига хүрээгээ тэлж, амьжиргааны түвшин буурсан үед улс төрд орж ирсэн. Түүнийг 2000 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдоход оросуудын олонх нь улс төр, эдийн засгийг сэргээнэ гэдэгт итгэж байсан юм. В.Путин ч оросуудын итгэлийг алдаагүй. Ерөнхийлөгчийн анхны сонгуулиас хойш ОХУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндийг сэргээж, үндэсний бахархал нь болсон. 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн нь В.Путиний нэр хүндийг нэлээд өсгөв. Сүүлийн үед "В.Путингүй Орос орон хэрхэх бол, залуу үеийнхнийх нь улс төрийн чиг баримжаа ямар байгаа вэ” гэдэг дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм.

 

 

 

Швейцарын "Gal­len” их сургуулийн Оросын соёл, нийгэмлэгийн профессор Ульрих Шмид "Путиний эрин үеийнхэн” буюу түүнийг улс төрд хүчирхэгжиж байх үед төрсөн залуу үеийнхэн ЗХУ задарсны дараа улс оронд тулгамдаж байсан олон бэрхшээлийг огт санахгүй.Тиймээс тухайн үед үүсэж байснаас огт өөр бэрхшээл тэдэнд тулгарч байгаа. Тэдний хамгийн их санаа зовж буй түгээмэл асуудал нь авлигал, байгаль орчин, эрх баригчдын зүгээс иргэдэд ирэх дарамт, Москва Европын болон бусад барууны орнуудтай хэтэрхий хөндий харилцаатай байгаа явдал” хэмээжээ.

 

 

 

Мөн тэрбээр "ОХУ улс төрийн түүхэн шинэчлэлийн өмнө тулж ирээд байна. Путинтэй Орос, Путингүй Оросын хооронд том ялгаа бий. Түүний сүүлийн 20 жилд тогтоосон дэг журам тийм ч амархан замхран алга болохгүй. ОХУ-д улс төрийн шинэчлэл өрнөх явцад залуу үеийн оролцоо чухал. Гэтэл "Путиний эрин үеийнхэн” гэж хэлэгддэг залуу үеийн зарим төлөөлөл Путин үгүй болмогц 1991 онд ЗХУ задран унахад нүүрлэсэн шиг зүйлс ОХУ-д тохиолдох мэтээр бодож байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ ЗХУ задарсны дараа шинэ Оросыг өлгийдөн авсан эрх баригчид удаан хугацаанд энэ сэдвийг ард түмнийг айлгах хэрэгсэл болгож ашигласан. Энэ бол улс төрийн инженерчлэлийн үр дүнд бий болсон стратеги юм” гэжээ. Москвад өнгөрсөн долоо, есдүгээр сард болсон жагсаалд оролцогчдын олонх нь залуус байсан. Тус улсад энэ онд болсон эсэргүүцлийн жагсаалуудын үеэр нийт 1000 гаруй хүн баривчлагдсан. Жагсаалын гол зохион байгуулагч нь ОХУ-ын сөрөг хүчин гэдгээрээ дэлхийд танигдсан Алексей Навальный. Хэдийгээр залуу үеийнхний сөрөг хүчнийг дэмжих хандлага нь өссөн ч Путинийг дэмжигч залуус мөн нэлээд өндөр хувь эзэлж байна. 

 

 

Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд ард түмний дундах Путиний улс төрийн рейтинг үргэлж 80-аас доошгүй хувьтай байсаар иржээ. Барууны ертөнц тэр чигтээ ОХУ-аас нүүрээ буруулах үед ч түүний рейтинг өссөөр байв.

 

 

 

Хамгийн сүүлд тэрбээр тэтгэврийн насыг эрэгтэй 65-аас 60, эмэгтэй 60-аас 55 болгож бууруулах үед улс төрийн рейтинг нь 65 хувиар өссөн гэж "Levada Center” хараат бус судалгааны байгууллагын тайланд дурджээ. ОХУ-ын хүн амын 9.4 хувийг 15-24 насныхан эзэлж байгаа бол гол сонгогчид болох 25-54 насныхан 44.2 хувийг эзэлж байна. Ерөнхийдөө орос залуусын улс төрийн үзэл баримтлал, хандлагын талаарх судалгаа, санал асуулга цөөн байгаа ч тэд улс орныхоо улс төр эдийн засгийн байдлын талаар ахмадуудаасаа илүү өөдрөг хандлагатай байна. Лондонд төвтэй "Chatham House” судалгааны төвийн Орос, Евразийн хөтөлбөрийн тэргүүн Жеймс Никси "Путинийг эрх мэдлээсээ буусны дараа Оросын ирээдүй хаашаа чиглэхийг өнөөдөр таамаглах боломжгүй. Энэ бол нэг хүн, нэг нам хэтэрхий удаан бодлого тодорхойлохын сул тал. Оросын ард түмэн Владимир Путиний дараа өнөөгийн улс төрийн бодлогоо үргэлжлүүлэх ёстой юу эсвэл барууны чиг хандлагад суурилах уу гэсэн сонголтын өмнө ирэх болно” гэжээ.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top