|

Путин: АНУ дэлхий даяар доншуучилж, хэн дуртайгаа шоронд хорих эрхгүй

namuunaa 2015/08/04 875 0

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Швейцарийн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө.


"АНУ мэдээж агуу гүрэн. Америкийн ард түмэн энэ орныг хэдхэн зуун жилд байгуулсан, энэ бол үнэхээр гайхалтай үр дүн. Гэхдээ энэ нь Америкийн өнөөгийн эрх баригчид дэлхий даяар доншуучилж, хэн дуртайгаа барьж аван өөрийн шорондоо хорих зэргээр "Бидэнтэй цуг биш бол бидний эсрэг" гэсэн байр сууриар хандах эрхтэй гэсэн үг биш" хэмээн Путин мэдэгдлээ.

Түүнчлэн Путин авлигатай холбогдсон гэж буруутгагдаж байгаа "FIFA"-н ерөнхийлөгч Блаттерийг өмөөрч, тэр бүү хэл түүний нэрийг Нобелийн шагналд дэвшүүлэх хэрэгтэй гэжээ.

Сэтгүүлч "Та цөмийн зэвсгийн талаар дахин ярьж эхэлсэн учраас танай орныг аюултай гэж шуугих болсон байх, тийм үү?" гэж асуухад Путин "Зэвсэглэлээр дахин хөөцөлдөх эхлэлийг АНУ тавьсан. Олон улсын аюулгүй байдлын тулгын чулуу болсон Пуужин эсэргүүцэн хамгаалах гэрээнээс АНУ түрүүлж дангаараа гарсан шүү дээ" гэж хариулав.

Путин "Иймээс бид стратегийн хүчний балансыг хадгалахын тулд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй. Орос орон өөрийнхөө төлөө төдийгүй дэлхийн бусад орныг хамгаалахын тулд үүнийг хийж байна" гэж онцлон тэмдэглэжээ.
 
"Танай өвөө, эмээ Санкт-Петербургт дайнд хэлмэгдэж байсан. Таныхаар өнөөдөр Европт шинэ дайн дэгдэх үү?" гэж сэтгүүлчид Оросын Ерөнхийлөгчаас асуулаа.

Путин "Миний аав, ээж (гэж залруулав). Хэзээ ч хараагүй ах маань энэ хотод бүслэлтийн үеэр нас барсан. Одоо дайн гарахгүй байх гэж найдаж байна. Үнэндээ Европ илүү бие дааж, тусгаар тогтноосой гэж хүсдэг, тэгээд өөрийн үндэсний ашиг сонирхол, өөрийн ард түмнүүдийн болон гишүүн улсуудынхаа ашиг сонирхлын төлөө зогсоосой билээ. Европын орнуудын гадаад бодлогод дүн шинжилгээ хийх нь бидний хэрэг биш. Гэхдээ Европын түншүүдтэй ажил ярьж, дотоод асуудлуудыг хэлэлцэх гэхээр бид Вашингтонд хандах хэрэг гардаг нь тийм ч сонирхолтой бус гэдгийг та нар хүлээн зөвшөөрөх байх" гэж хариулжээ.
 
Европ тивийн хэт барууны үзэлтнүүд таныг яагаад дэмжих болов гэсэн асуултад Путин "Надыг дэмжсэн гэхээс илүүтэй өөрсдийн үндэсний ашиг сонирхлыг илүү их ухамсарладаг болсон байх. Европыг одоо цагаачдын давалгаа нөмрөн авлаа. Гэтэл ийм нөхцөл байдалд хүргэсэн шийдвэрүүдийг Европ өөрөө гаргасан, үнэндээ далайн чанадах орон АНУ-ын дарамт шахалтан дор" гэж хариу барив.

Сэтгүүлч "Таныг зарим нь шүтэж биширч байхад нөгөө хэсэг нь шинэ Сталин, солиотой галзуу гэхийн. Та тэдэнд юу гэж хэлэх вэ?" гэж асуулаа. "Энэ ярилцлагын дараа ч намайг солиотой гэж та бодож байна уу?" гэж Владимир Путин хариу асуужээ.

"Ийм дэмий яриа, хов живийн дараа ч та инээмсэглэсээр байх уу?" гэж Путинээс лавлахад тэр "Энэ бол улстөрийн тэмцлийн нэг хэсэг, хангалттай олон жилийн турш миний амьдралын хэсэг байсан. Би үүнд нэг их анхаарал хандуулахгүйг хичээдэг. Би зүгээр л өөрийн эх орон, ард түмний ашиг сонирхлын төлөө хэрэгтэй гэж үзсэнээ хийдэг. Гэхдээ би дайны бус зам сонгохыг хичээнэ" хэмээжээ.

www.mnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top