|

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

munkhod 2015/06/19 837 0

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.  В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург  хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авсан юм.

Уулзалтаар олон асуудлуудыг хөндөж хэд хэдэн шийдэлд хүрлээ. Манай хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд үүсээд байгаа асуудлуудаар санал солилцож заримыг нь шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг сайжруулах чиглэлээр хийх ажлуудаа хоёр тал тохиролцлоо. Тухайлбал, төмөр замын хувьд маргаантай байсан асуудлуудыг хэлэлцэн эцэслэхээр тохиролцсон юм.

 

Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын хувьцаа эзэмшигчийг шинэчлэх талаар хоёр тал тохиролцсон учир УИХ-тай зөвшилцөх ажлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэхийг Ерөнхийлөгч В.В.Путин хүслээ.

 

 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хамтарсан үйлдвэрүүдэд гардаг аж ахуйн чиглэлийн асуудлуудыг захирлуудын түвшинд бие даан шийддэг байх, ерөнхий захирлуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал тавьсныг Оросын тал хүлээн авсан байна.  Дээрх асуудлуудыг яаралтай шийдвэрлэснээр Монгол Улсад орох хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төслүүд урагшлах юм.

 

Засгийн газрын тэргүүн хос төмөр замыг цахилгаанжуулах, Монголын нутгаар байгалийн хийн хоолой дайруулах асуудалд анхаарлаа хандуулж өгөхийг ОХУ-ын Ерөнхийлөгчөөс хүслээ.

Монголоос мах экспортлох, малыг халдваргүйжүүлэх вакцины эхний шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид үргэлжлүүлэх, Монгол Улсад хөрөнгө оруулах хувийн хэвшлийг дэмжиж ажиллахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар Монголоос ОХУ-руу мах экспортлох лицензийг авах болзлыг 7 үйлдвэр хангаад байгаа юм байна.

 

ОХУ-ын хил, гааль дээр талд үүсээд буй дараалал, хүнд суртлыг арилгах ажлыг зохион байгуулах үүрэг даалгавар өгч ажиллана В.В.Путин хэллээ. Мөн орос хэлний сургалттай боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, сургалтыг чанаржуулах, ийм сургалтыг нэмэгдүүлэхэд ОХУ-ын зүгээс туслахаа илэрхийллээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхахад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Гадаад  хэргийн дэд сайд Н.Оюундарь, ОХУ-ын талаас Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын дарга А.С.Колпаков, Оросын төмөр зам нийгэмлэгийн Ерөнхийлөгч В.И.Якунин, Ростех корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов нарын албаны хүмүүс  байлцлаа. Уулзалтад оролцсон сайд нар салбарынхаа асуудлуудаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Санал болгох

Сэтгэгдэл

top