|

ЗӨВД ЗӨӨЛӨН БУРУУД ХАТУУ ХАНДАНА

bayaraa 2015/01/13 1569 138
ЗӨВД ЗӨӨЛӨН БУРУУД ХАТУУ ХАНДАНА Аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн хэлсэн үг
   

     Эрхэм хурлын төлөөлөгчид өө
  Эрхэм засаг даргаа, урилгаар оролцож байгаа зочдоо

    Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан хуралдаж байна. Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгууль, 2014 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-нь холбогдох хуулийн дагуу өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн үнэлгээ дүгнэлт өгч байна.

     Өнөөдрийн хуралдаан нь туйлын чухал асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргаж байгаагаараа ач холбогдолтой, хариуцлагатай хуралдаан юм. Хуулиар өгөгдсөн бүрэн эрхийн хугацаа талдаа орж, бүрэн эрхийн хугацаанд хийж эхлүүлэх, эхлүүлснээ дуусгах олон олон асуудлууд шийдлээ хүлээж байгаа. Ийм цаг үед бид алгуурлах ямар ч эрхгүй цаг үетэй уралдан өөр өөрийн үүрэгт ажилдаа эзний ёсоор хандаж, хариуцлага сахилга батыг өндөржүүлж нийгмийн өмнө, Аймаг орон нутаг, Улс орны өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж үр дүн гаргах чухал үе бидний өмнө байна. Тийм ч цаг үед ажиллаж амьдарч байна.

     Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүнд суртал гаргах, авилага, хээл хахууль авах, иргэдэд чирэгдэл, хүлээлт үүсгэх, төрийн ажилд хувийн ашиг сонирхол шингээх элдэв хууль бус үйлдлээс хол байж төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, иргэдэд үйлчлэх стандартаа ёсчлон мөрдөж ажиллах хэрэгтэй. Төрийн хуулиас гадуур гишгэсэн албан хаагч, албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцож ажиллаж сурах хэрэгтэй. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, төрийн анхан болон дунд шатанд ажиллаж байгаа албан тушаалтнууд иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд энэ жил онцгой анхаарч шинэлэг зорилго, зорилт тавьж үр дүнд хүрч ажиллах хэрэгтэйг сануулъя. Биелэлтэнд ИТХ  шалгалт, хяналт тавьж ажиллах болно.

     Орон нутагт их бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж, үр дүнд хүрч иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж, олон жил шийдэгдээгүй тулгамдсан асуудлуудыг шийдэж гацаанаас гаргаж байна. Гэвч ажил хийхэд алдаа дутагдал гардаг. Энэ зовлонг бид тойрч биш  бас л туулан гарч байна. Бид өнөөдөр олдож байгаа санхүү төсвийнхөө хэмжээгээр орон нутгийнхаа асуудлыг шийдэж байна. Гэвч шийдвэрлэх олон асуудлууд байсаар л байна. Өнгөрч байгаа 2 жилд бид 1000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болголоо.Энэ бол сүүлийн 20 жилд Эрдэнэт хотод хийгдэж байгаагүй ажил, гарч байгаагүй чухал шийдвэр байлаа. Цаашид бид цэцэрлэгийг төр хувийн хэвшлийн оролцоотой нэмэгдүүлсээр байх  болно. Орон сууцны хорооллын дундах авто замын шинэчлэлийн ажилд зарим газар чанарын асуудал яригдаж  байгаа боловч ирэх хавар засаж залруулаад явах болно. Цаашид авто замын шинэчлэл, шинээр зам барих ажлыг үе шаттай нэмэгдүүлэх болно.

Энэ ажил бол Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш анх удаа хийгдсэн, шийдсэн чухал ажил байлаа.

    Эрдэнэт хотын гэр хороололд манай аймгийн 15600 өрхийн 60000 орчим иргэн амьдарч байна. Эдгээр иргэдээ ундны цэвэр усаар тасралтгүй хангах асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэлээ. Өчигдөрхөн зарим усан сан усгүй болчихдог, зөөдөг машин тэрэг нь хүрэлцдэггүй байсан бол өнөөдөр энэ асуудал түүх болон үлдсэн. Цаашид бид усыг гудамж уруу, айл өрх бүрд хүргэх ажлыг үе шаттай хийх болно. Энэ ажилд маш их хэмжээний санхүүжилт хэрэгтэйг бүгд ойлгож байгаа.  Тийм ч учраас цаг хугацаа орох нь дамжиггүй, бид зорилго тавьсан, тиймээс ажил хийх аргаа бас эрэлхийлж байгаа. Гэр хорооллын хувьд Эрдэнэт хот байгуулагдсанаас хойш 40 жилийн түүхэнд анх удаагаа иж бүрэн гэрэлтүүлэгтэй болж шөнө нь өдөр мэт гэрэлтэж, иргэд айх зүйлгүй амгалан тайван амьдрах нэг бололцоог бүрдүүлж шийдэж өглөө. Цаашид, ирэх онд үлдсэн баг, гудамжинд гэрэлтүүлгийн ажлыг хийж дуусгах болно.

    Цаашид, тухайлбал 2015 онд бид гэр хороололд томоохон хөрөнгө оруулалт хийнэ. Ихзалуу, Эрдэнэ,  багт 640 хүүхдийн 2 сургууль ашиглалтанд орж, Баянбулаг багт 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орно. Даваат багт  100 хүүхдийн  цэцэрлэг, 150 хүүхдийн бага сургууль барих асуудлыг төлөвлөж байна.    Эрдэнэ багт Соёлын төвөө  барьж ашиглалтанд өгнөө. Баянбулаг Шанд, Наран багт асфальтан зам шинээр барьж ашиглалтанд өгнө. Энэ оноос хэрэгжүүлж эхэлсэн том оврын автобус өнөөдөр бүрэн дүүрэн иргэдэд сэтгэл ханамжтай үйлчилж чадахгүй байгаа ч ирэх онд үйлчилгээг улам сайжруулах талаар шахаж ажиллах болно.

     Гэр хорооллын иргэдийн түлээ, түлшний асуудалд онцгой анхаарч,иргэдэд үртсэн болон шахмал, байгальд ээлтэй, сайжруулсан  илчтэй түлшийг боломжит үнээр тасралтгүй хангаж ажиллана. Дээрх ажлуудыг сайтар зохион байгуулж,   онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг ажил хариуцсан албан тушаалтнуудад сануулъя.  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид байнга анхаарч орон нутагтаа үйлдвэрлэж байгаа мах, сүү ногоо гурилын үнэд онцгой ахнаарал хандуулж байх хэрэгтэй.  Ахмад настнуудаа анхаарч халамж үйлчилгээ асаргаа, сувилгаа, тэтгэвэр, тэтгэмж, төрийн хайр хүндэтгэлийг харамгүй зориулж амьдрал ахуйд нь, эрүүл мэндэд нь байнга анхаарч ажиллахыг багийн засаг дарга нар, халамж үйлчилгээний болон бодлогын асуудал хариуцсан албан тушаалтнуудад үүрэг болгож байна.  Хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.

     Иргэдийн маань эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Тэр дундаа хүүхдийн эрүүл мэнд туйлын чухал эмзэг асуудал юм. Өнөөдөр 100 орчим мянган хүн амтай энэ хотод 30 ортой хүүхдийн тасаг хэмжээнээсээ хэд дахин давсан ачааллыг чадан ядан үүрч, өвдсөн хүүхэд багачууд маань эмнэлгийн коридорт, шалан дээр эмчлүүлж байна. Бид энэ онд дээрх асуудалд онцгой анхаарал тавьж эрчимтэй ажиллаж байна. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил өнгөрөхөд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч дорвитой хөрөнгө оруулалт хийж байсангүй. Бид энэ байдлыг  зүгээр хараад сууж чадахгүй. 2015 онд Орхон аймаг 100 ортой хүүхдийн эмнэлэгтэй болох том зорилтыг өмнөө тавьсан ажлаа эхлүүлж байна. ИТХ-ын даргын хувьд энэ асуудалд  онцгой анхаарч үйл ажиллагааг идэвхжүүлж байна. Тал талаасаа дэмжин хүүхдийн төлөө "За” гэж хэлцгээе. 2015 ондоо багтааж хүүхдийн эмнэлгээ ашиглалтанд өгөхийн төлөө хамтран зүтгэцгээе.

    2015 онд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргацгаая. Цаасан дээр байгаа энэ өгүүлбэрийг одоо амьдралд, хөрсөн дээр буулгаж, ажилтай орлоготой чинээлэг Монгол хүнийг бий болгох гэж зүтгэж байгаа хувийн хэвшлийнхэн, бизнесменүүдээ дэмжье. Бодит нөхцөл бололцоог бодлогоор дэмжиж бүрдүүлье. Бизнесийг хаадаг, боодог, дарамталдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Иргэдийн нийтлэг эрх ашиг, аймаг орон нутгийн эрх ашиг, улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулах буюу хуулиар хориглосноос бусад тохиолдолд бизнесээ чөлөөтэй хийх бололцоо боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Төрийн байгууллагаас мөнгө нэхэлгүй, өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч яваа эгэл жирийн иргэдийнхээ ажиллах, хөдөлмөрлөх боломж нөхцөлийг сайжруулж, хэн дуртай албан тушаалтан бизнесийнх нь эрх чөлөөнд халддаг байдлыг өнөөдрөөс таслан зогсооё.

     2012 оны орон нутгийг сонгуулиар Олонхи болж засаглаж байгаа Ардчилсан нам бол барууны Либериал, Консерватив үзэл баримтлалтай, бизнесийн эрх чөлөөг түгээн тунхагладаг нам. Тийм учраас энэ намын бодлого өнөөдөр Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байгаа бөгөөд энэ хөтөлбөр иргэдийн бизнес эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлэх бүхий л боломжийг хангахад чиглэсэн байх ёстой. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд гүйцэтгэх албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхнийг дэмж, боломжийг нээж өг, бизнесийн салбарт хууль зөрчөөгүй нөхцөлд бүү саад хий. Улс орны болон аймаг орон нутгийнхаа төсвийг бүрдүүлж, ажлын байр бий болгож баялгийг бүтээж байгаа бизнесийн салбарын бүхий л үйл ажиллагааг ИТХ дэмжин хамтран ажиллах болно.

   Энэ онд манай аймгийн бизнесийн салбарынхан түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр асар их хөрөнгө оруулалтыг аймаг орон нутагтаа орууллаа. Экспорын болон инпортыг орлох олон үйлдвэр байгуулагдлаа. Монгол улсын түүхэнд анх удаа гэх тодотголтой олон үйлдвэрүүд үүд хаалгаа нээлээ. Катодын  цэвэр зэс үйлдвэрлэх "Ачит ихт” компани ашиглалтад орж 200 гаруй ажлын байр бий болгож экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. "Эрдэнэт хивс” ХХК Монгол улсад анх удаа НАНО технологиор даавуу үйлдвэрлэж эхэллээ. Монгол улсад анхны ширэм хайлуулах үйлдвэр Эрдэнэт хотод ашиглалтанд орж-Төмөрлөгийн үйлдвэрийн шинэ эрин үеийг эхлүүллээ. Орон нутгийнхаа, цаашлаад улс орныхоо төмрийн хэрэгцээг хангах боломж бүрдэж эхэлж байна.  Монголд анх удаа Түүхий резин боловсруулах үйлдвэр Эрдэнэт хотод үүд хаалгаа нээлээ. Импортыг орлох бүтээгдэхүүн хийж эхэллээ. Монгол улсад анхны хоёр ч "Леден” гэрлийн үйлдвэр ашиглалтанд орж орон нутгийнхаа болон хөрш аймгуудын хэрэгцээг хангаж эхэллээ. Импортыг орлох бусад чиглэлийн олон үйлдвэрүүд ашиглалтад орж байна.

     Энэ бүгд бол манай бизнес эрхлэгчдийн улс орнынхоо болон аймаг орон   нутгийнхаа хөгжил дэвшилд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр юм. Бизнесменүүддээ, бизнес эрхлэгчиддээ Энэхүү хүндэт индэр дээрээс аймгийнхаа нийт иргэдийнхээ өмнөөс Хурал Захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсч байна.

      2014 он бол Эрдэнэт хотын сүүлийн 20 жилийн түүхэнд хамгийн олон орон сууц ашиглалтад орсон, орон сууц, худалдаа үйлчилгээ, барилгын ажил эрчимжсэн жил байлаа. Өнөр хороолол, Залуус хороолол, Тамирын 3-н чулуу, Төгөл гарден, Элит хотхон, 7А- Евро Эко хороолол, 7 дугаар хороолол, Сөүл хотхон, цагдаагийн болон нийгмийн даатгалын ажилтнуудын орон сууцны эхний хэсгүүд ашиглалтад орж 15 барилга буюу 856  айл өрх шинэ орон сууцаар хангагдав. 1А хорооллын барилгын эхний хэсгийн ажил эрчимтэй явагдаж байна. 2А хорооллын инженерийн шугам шүлжээний ажил ирэх онд дуусч барилгажих нөхцөл бүрдэнэ. Энэ бүгд нь аймгийнхаа иргэдийг тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд аймгийн удирдлагууд, бизнесийн байгууллагуудтай сайн хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл юм. Цаашид олон шинэ орон сууцыг ашиглалтад өгч Монгол улсын Засгийн газрын Орон сууцны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж иргэдээ тохилог сууцаар хангах болно. Энэ бүх зүйлийг дурьдаж байгаа нь өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч байгаатай холбоотой юм. Ажил хийсэн хүнд амжилт бүтээл бий, алдаа дутагдал ч бас бий. Ажил хийсэн хүн шүүмжлүүлдэг, ажил хийгээгүй хүн шүүмжлэлд өртдөггүй юм. Ажлаа үнэлүүлж дүгнүүлэх нь нэг талаас Зааг дарга, түүний баг хамт олон, нөгөө талаас Засаг даргын үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн өгдөг ИТХ-ын хамтын үйл ажиллагааны үр дүн, алдаа оноо гэж үзэж байна.

      Аймаг орон нутгийг удирдаж байгаа  хүн алдаа бага гаргаж амжилт бүтээл өөд тэмүүлж ажиллаж байх ёстой. Өнгөрч байгаа 2 жилийн хугацаанд аймаг орон нутгийнхаа өнгө зүсийг өөрчилж, шинэ бодлого хэрэгжүүлж, шинэчлэл хийж, иргэдийнхээ өмнө тулгамдаж байсан олон асуудлыг шийдэж эрч хүчтэй ажилласан аймгийн Засаг дарга,  түүний тамгын газар, баг хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе. Иргэдийнхээ итгэл сэтгэлийг зүтгэлээр хариулж, алдаа оноогоо дэнсэлж, алдсан зүйлээ засаж залруулж амжилтаа бататгаж ажиллаарай. 2015 онд аймгийн ИТХ зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж сахилга хариуцлагыг өндөржүүлж, төсвийн хэмнэлт,  үр ашгийг нэмэгдүүлж, хүнд суртал, авилга хээл хахууль, салан задгай байдал, иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон, ажлын хурд бүтээмж муу байх, төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг оромдох, чанаргүй хийх, залилан мэхлэх аргацаасан аливаа  үйлдлийг таслан зогсоож ажиллах болно. ИТХ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аймаг орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах болно.

                                                        

                                            Аймаг хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллацгаая.

Санал болгох

Сэтгэгдэл

top