Pink Floyd 1979 онд гаргасан The Wall альбомоо хоёр Германыг 28 жил заагласан ханын ором дээр шинээр дэглэх учиртай байж. 1990 оны долдугаар сарын 21-нд Потдсдамын талбайд болсон тоглолтод Scorpions, The Band зэрэг хамтлаг; Шинейд О’Коннор, Брайн Адамс нарын дуучид, Зүүн Германы симфони найрал бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Потдсдамд цугласан хоёр зуун тавин мянга орчим хүн капитализм социализмыг мохоосон ялалтын концерт гэдэг ойлголттой байсан биз. Уг тоглолтын гол зохион байгуулагч, Pink Floyd-ийн бас гитарч Рожер Уотэрс "Капитализм социализмыг яллаа гэсэн бол би Берлин явж баяр тэмдэглэхгүй. Харин бие хүний ялалтыг тэмдэглэнэ гэвэл тийшээ очно” гэсэн байдаг. Энэ тоглолтыг биеэр үзсэн монгол залууст Pink Floyd шиг хамтлаг байгуулж, The Wall шиг концерт тавих хүсэл төрж. Монгол орон тэр цагт тусгаар тогтнолынхоо гараан дээр ирчихсэн, монгол хүн үнэ цэн ордог дээрээ байлаа.
Тэр жил гадагшаа явах боломжтой олон монгол Берлинийг зорьжээ. Ядаж капиталист ертөнцийг үзэх, чадвал наймаа гүйлгэх санаатай. Харин Болгараас Зүүн Германд очсон "Армен Ганбаа” (UB Jazz-ийн эзэн Н.Ганбат) Берлинд монголчууд цуглаж байгаа сургаар Магдебургаас Берлиний Александрын талбайд очоод "Буян Жагаа” (Буян ХХК-ий захирал Б.Жаргалсайхан)-тай таарч. Хамтдаа Pink Floyd-ийн өнөөх лут тоглолтыг үзсэн юм биз. Жагаа овоо бэлэн мөнгөтэй яваагаа мань Ганбаад хэлсэн байна. Ингээд зөвлөлдсөний эцэст тухайн цагтаа Монголд байхгүй цахилгаан хөгжим авъя гэдэг дээр тохирчээ. Жагаа хэзээ ч мөнгөө хоосон үрэх хүн биш тул "Армен Ганбаа”-г мэргэжлийн хамтлаг байгуулж чадна гэвэл Dynakord-ийн иж бүрэн техник авч өгнө гэсэн аж. "Армен Ганбаа” тэр дороо Улаанбаатар руу утас цохиж "Сахал Пүүжээ” (хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж)-тэй ярьсан гэнэ. Сахал Пүүжээ сайхан мэдээг цааш тарааж Монголын аль сортоотой гэсэн хөгжмийн боловсролтой залууст Dynakord-ийн хөгжим ирж байгааг дуулгасан нь тодорхой.
Dynakord-ийн үйлдвэрээр буудал, хоолныхоо зардлыг даалгасан "Армен Ганбаа”, "Буян Жагаа” нар тэндээ долоо хоног хамаг юмыг нь үзэж зөвлөлдөөд ачааны хоёр том тэрэг дүүрэн хөгжим хэрэгсэл Москва руу ачуулжээ. Германд тоглох гэрээ байгуулчихсан байсан "Армен Ганбаа”-аас гадна Улаанбаатарт олон хүн тогтсон ажлаасаа гарч Dynakord-оор амьдрахаар эгнэгт шийдсэн байна. "Нарлаг Монгол” галт тэргийн ачааны хэсэгт тав хонох шахсан "Армен Ганбаа”-г Улаанбаатарын вокзал дээр нөхөд нь алгаа үрэн тосож авчээ. Дуучин Н.Ганхуяг Б.Сарантуяагийн хамт, Хоовон (хөгжмийн зохиолч С.Энхбаяр), "Сахал Пүүжээ” нарын олон сайхан залуу Dynakord-оор тоглохын тулд "ажил, амьдралаа алдсан” гэнэ. Гэхдээ тухайн үед Монголын шилдэг уран бүтээлчид байсаар атал ажлын байр нь үгүй болсон гэвэл илүү зохилтой юм. Үүн дээр Хоовонг "Гоё гитараар тоглох уу” гэхээр нь "Баян Монгол” чуулгаа хаяад ирсэн Өөжгий (гитарчин Д.Өлзий-Орших), "Манай хатлагт ор, маргааш Санзай явна” гэхээр нь гайхсан ч эргэлзээгүй МҮТВ-ийн оператор Дашка (Б.Дашдондог), Сансар нарын олон залуу нэгджээ.
Хуучиршгүй алдар, хувиршгүй сэтгэл
"Хөх тэнгэр” нэрийг дуучин Н.Ганхуяг санал болгожээ. Энэ нэр "Буян Жагаа”-д таалагдсан учир өдийг хүртэл олон хүний овог болжээ. Хөгжмийн эзэн "Буян Жагаа” хөгжим төдийгүй "Хөх тэнгэр” хамтлагийн үзэл санааных нь эцэг байсан юмдаг уу. Чухам "Буян Жагаа”-ийн санаачлагаар Санзайн амралтад хамтлагаараа жинхэнэ уран бүтээл үйлдвэрлэх үүрэгтэй "амарсан” байна. "Буян Жагаа” хайр, навч цэцэг ярьсан гоншигнуур бүтээл хийхгүй гэсний учир М.Цэдэндорж, Р.Чойном нарын шүлгээс сонгон дуугаа бүтээжээ. "Хоовон”, "Сахал Пүүжээ” нарын "Хэлмэгдэл”, "Талын Монгол” хэмээх тус бүрдээ арав гаран дуутай бүтээлээс гадна тэсэлгүй хайраа ч бас "гоншигнуулаад” авч. Дээр нь мэдээж "Үзэсгэлэн төгөлдөр эх орон”-оо яаж мартах вэ. "Хоовон”, "Сахал Пүүжээ” хоёрыг тусад нь гэр барин суулгаснаа "Хар гэр” хэмээн өхөөрдсөн тул "Өөдтэй юм хийхгүй бол Хар гэрт хорино” гэдэг яриа тухайн үед "Хөх тэнгэр”-ийнхэн дунд наргиа маягтай байсан ч үнэндээ "Хар гэр”-ээс л хамаг уран бүтээл нь төржээ. Өөжгий "Гитарчин” гэгдэх алдраа, "XX зууны поп хатагтай” Б.Сарантуяа түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн замналаа "Хөх тэнгэр”-ээс эхтэй гэж боддогоо бардам хэлж байна. Бусад нь ч өнөө хэр "Хөх тэнгэр”-тээ залбирсаар яваа, "Хоовон” CD-гээ Blue sky гэж нэрлэхдээ ч "Хөх тэнгэр”-ээ л санасан.
Анх удаа төв цэнгэлдэхэд хийсэн тоглолтын бэлтгэл ажил яггүй байжээ. Социализм нуран унаж, үндэсний үзэл санаа сэргэж байгааг тунхагласан тоглолтын тайзыг Монголын ажилгүйчүүдийн холбооны залуус 200-ын төмөр торхоор зассан гэнэ. Тайзны ард "Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой" гэдэг лоозонг том даавуун дээр бичин өлгөжээ. Тоглолтын оргил хэсэгт мөнөөх лоозон унаж цаанаас нь Чингисийн хөрөг гарч ирэхээр тооцсон байна. Pink Floyd-ийн The Wall-оос дутахгүй тоглолт тавихыг хүссэн "Буян Жагаа”-гийн машинаар Б.Сарантуяа, Б.Дашдондог хоёр тайзнаа гарч ирэх зэргийг ч тэрбээр Берлинд харжээ. Анхны тоглолт өөрсдийнх нь санасан хэмжээнд хүрээгүй ч үзэгчдийн хувьд цоо шинэ хөг аялгуу, цоо шинэ шийдэл, цоо шинэ дүр төрх. Ерөөс "Хөх тэнгэр”-т Монголын рок, попын бүх од чуулсныг бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Анхны тоглолтын тасалбар ямар үнэтэй байсан, хэдэн хүн үзсэнийг санаж байгаа хүн одоо алга. Харин "Ховоон”-гийн хэлсэнчлэн хамтлаг бол "Хамтаараа лаг байх” гэдэг утгатайг нотлох, зүгээр л "Бут авах” хүсэл тэднийг хөглөж байсныг дуу нэгтэй хэлж байна. Тэд дахиад "Бут авах” гэнэ. "Хар гэр”-ээс төрсөн Монголын рок, попын одод "Хөх тэнгэр”-т л чуулдаг.
Д.Батбаяр