|

Анжелина Жоли: Захара бол миний охин

namuunaa 2015/08/07 1059 0
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийг Британийн "Vogue”сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та өнгөрсөн долоо хоногт том хүү Маддоксийн хамтаар Мьянмар улсад айлчилж, дүрвэгсдийн хуаранд зочилсон. Сүүлийн жилүүдэд та хүний эрх, эрх чөлөөний элч төлөөлөгчөөр ажиллаж, олон улсад очлоо?

 

-Тиймээ. Би нэг хэсэг уран бүтээлийн төлөө явдаг байсан. Өөрөөсөө бусдыг үл тоож явсан үе бий. Би алдар нэртэй болохыг хүссэн учир их хөдөлмөрлөсөн. 2005 онд Брэдтэй холбоо тогтоосны дараа миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Бид хамтын амьдралынхаа хугацаанд зургаан хүүхдийг эцэг, эх боллоо. Би дэндүү жаргалтай байна.

Та бүхэн мэдэж байгаа. Бид Маддокс, Захара, Пакс Тьен нарыг өргөж авсан. Тэднийг их жоохон байхад нь өргөж авсан. Тиймээс тэд өнгөрсөн амьдралаа тийм ч их санадаггүй. Би олон улсын мэдээ үзэх их дуртай. Учир нь миний хүүхдүүдийн төрсөн газарт ямар үйл явдалд өрнөж буйг мэдэхийг их хүсдэг. Мөн хэт даврагч, алан хядах бүлэглэлийн тероррист халдлагын улмаас бие, сэтгэл санааны хохирол амсч буй хүүхэд, эмэгтэйчүүдийг хараад би шаналж, зүрх сэтгэл минь их өвддөг. Яагаад тэд ингэж амьдарч байгаа юм бэ гээд л сэтгэлийг минь зовоосон олон асуудал гарч ирдэг. Би эмэгтэй хүн, ээж хүн, уран бүтээлч хүний хувиар зовж шаналж, бяцхан зүрхээ уйтгар гунигаар будаж буй тэр хүмүүстэй алсаас бус ойроос уулзахыг хүссэн. Тиймээс л энхийн элчийн хувиар тэдэнтэй уулзсан. Хэдхэн хоногийн өмнө Хүний эрхийн нэрт төлөөлөгч, ардчилсан хөдөлгөөний удирдагч Ан Сан Су Чигийн эх орон Мьянмар улсад очсон. Тус улсад ч гэсэн гэмт бүлэглэл, алан хядагчдын халдлагаас дүрвэсэн олон мянган хүмүүс байдаг гэдгийг мэдсэн.  Мэдээж хэрэг тэднийг хараад миний нулимс урссан. Миний амьдралын хамгийн гайхалтай дурсамжууд тэнд өнгөрсөн. Би гэртээ байхдаа ч ийм сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай таардаггүй. Маддокс одоо том залуу болсон. Тэр муу хүн болохгүй гэдгийг мэдэж байгаа. Зүрх сэтгэлийг нь уян зөөлөн болгохыг хүссэн учир дагуулан явсан. Маддокс одоо хүртэл дүрвэгсдийн тухай ярьдаг. Түүний яриаг сонсохоор сэтгэл минь их хөдөлдөг. Эмэгтэй хүнийг хайрладаг, хүндэлдэг эрчүүд хамгийн шилдэг нь.

 

-Мьянмараас өмнө Туркийн хил орчимд амьдарч буй Сири, Иракийн дүрвэгсэдтэй уулзсан. Энэхүү үйл явдлын дараа таныг хэт даврагчид сүрдүүлсэн гэж сонссон?

 

-Мэдээж хэрэг Ойрхи Дорнодод болж буй үйл явдлуудыг би мэдээгүй биш мэдэж байсан. Миний зориг, миний итгэл хэзээ ч хэт даврагчдад ялагдахгүй. НҮБ-ын төлөөлөгчидтэй Сири, Иракийн дүрвэгсэдтэй уулзаж, тэдний амьдралтай биечлэн танилцсан. Үнэхээр сэтгэл өвдсөн. Энэ өгүүлбэр их муухай сонсогдож магадгүй. Гэхдээ би дүрвэгсдийн амьдарч буй газар ганц ч өдрийг өнгөрүүлж чадахгүй. Угаалгын өрөө ч байхгүй. Хэд хоносон усыг хүнсэндээ хэрэглэж байсан. Олон улсын байгууллагууд тэднийг үргэлж тэтгэх хэрэгтэй.

 

 

-Сүүлийн үед таны Захара охинтой холбоотой мэдээлэл их гарах боллоо. Найман настай Захара охины төрсөн ээж Этиоп улсад амьдарч байгаа гэсэн. Та охинтойгоо АНУ-д ирэх үедээ "Захарагийн ээж Ментеуаб Дауитыг ДОХ-ын халдвараар нас барсан” гэж хэлсэн. Гэтэл саяхан Дауит охиноо эргүүлэн авахыг хүссэн. Брэд та хоёр охиноо явуулахгүй биз дээ?

 

-Бид нэг нэгнийхээ үгийг байнга сонсдог. Мэдээж хэрэг Захара юу гэж бодож байгаа нь хамгийн чухал. Захара төрсөн ээж дээрээ очихыг хүсэхгүй байгаа. Тэр ганцхан ээжтэй, тэр нь би гэдгийг надад хэлсэн. Тиймээс би охиноо хэнд ч өгөхгүй. Хэнд  ч алдахгүй. Тэр эмэгтэй ямар шалтгаанаар Захараг эргүүлэн авна гэж мэдэгдснийг мэдэхгүй байна. Гэхдээ тэр бүсгүйг сонсох нь миний үүрэг. Би тэр бүсгүйг юу гэж боддогийг нь мэдэхийг хүсч байгаа. Захара бол миний охин.

 

-Захарагийн талаар Брэд ямар бодолтой байгаа вэ?

 

-Ментеуаб Дауитын гэнэтийн мэдэгдлийн дараа хэвлэлийнхэн биднийг тайван байлгахаа больсон. Бидний амьдрал гэнэт эмх замбараагүй болсон. Брэд эр хүн учир уур, хилэнгээр бүх асуудлыг шийдэхийг хүссэн. Гэхдээ нөхөр минь гэр бүлдээ хайртай учир охиноо сонсохоор шийдсэн. Охин минь хаашаа ч явахгүй гэсэн.

 

-Энэ асуудал дэгдэхээс өмнө та Туркийн дүрвэгсдийн хуарангаас Мусса гэх гурван настай хүүг өргөж авахаар ярилцаж байсан. Хэзээ Брэдийн гэр бүл, бүл нэмэх вэ?

 

-Мусса их хөөрхөн, хэрсүү хүү. Надад таалагдсан учир өргөж авахаар ярилцаж байгаа. Намайг "ээжээ” гэж дуудахад би уйлсан.

 

-Та ямар зорилгоор хүүхэд өргөж авдаг вэ?

 

-Зорилго байхгүй. Надад хэдэн ч хүүхдийг сайхан амьдруулах боломж байна. Хамгийн гол нь би хүүхдэд хайртай.

 

-Мэдээж хэрэг уран бүтээлч хүнтэй уулзаж буй учир киноны тухай асуухгүй өнгөрөх нь утгагүй хэрэг. Таны анхны найруулсан "Unbroken”уран сайхны кино "Оскар”-т нэр дэвшиж, олон сая долларыг олсон. Кинонд тоглох, кино найруулах хоёрын аль нь хэцүү вэ?

 

     -Киноны зураг авалтын үед жүжигчин хүн зөвхөн мэдрэмж болон ур чадвартаа итгэдэг. Харин кино найруулах үед бүх хүний мэдрэмжинд итгэх шаардлагатай. Ихэвчлэн ганцаараа ажилладаг хүн гэнэт олон хүнийг ахлах амаргүй. Аль нь хэцүү вэ гэж үү. Би бол мэргэжлийн жүжигчин болохоос найруулагч биш. Одооны нөхцөл байдлаас харвал найруулагчийн ажил амаргүй.

 

 

-2005 онд Брэдтэй "Mr & Mrs Smith” кинонд хамтран тоглосон. Дэлгэц болон амьдрал дээрх хамгийн сайхан хос өнгөрсөн онд 10 жилийн дараа дахин хамтарч, уран бүтээлд тоглохоор болсноо зарласан. "By The Sea” кино хэзээ нээлтээ хийх вэ?

 

-Ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Брэд бид хоёр өөрсдийнхөө найруулсан кинондоо тоглож байгаадаа баяртай байгаа. Эр хүн, нөхөр, жүжигчний хувьд Брэдийг гүйцэх эрэгтэй байхгүй. Тэр бол чадварлаг. Их сайхан кино болсон. Нээлтээ хийгээгүй киноны талаар ярихдаа би жоохон тааруухан. Магтах, муулахаа сайн мэддэггүй.

 

-Маддокс аав, ээж шигээ жүжигчин болох сонирхолтой гэсэн. Таны найруулж буй нэгэн кинонд жижигхэн ч гэсэн утга учиртай дүр бүтээхээр болсон гэсэн?

 

-Тиймээ. Би ирэх оноос Камбожийн дайны үеийг харуулах  "Эхлээд тэд миний эцгийг хөнөөлөө: Камбожийн охины дурсамж” киног найруулахаар болсон. Би кино багаа бүрдүүлж байгаа. Маддокс Камбож хүн. Тэрбээр үүрэг даалгавараа сайн ухамсарладаг учир би түүнийг кинондоо тоглуулахаар болсон. Гэхдээ их жижигхэн хэсэгт тэр гарна.

 

-Таныг Их Британийн түүхч, зохиолч Саймон Себаг Монтефиорийн бичсэн "Агуу Екатерина ба Потемкин” романаар кино хийхээр болсон гэсэн. Та Екатерина хатны дүрийг бүтээх юм уу?

 

-Энэ тухай ярихыг хүсэхгүй байна.

 

-Та өөрийгөө азтай нэгэн гэж боддог уу?

 

-Тиймээ. Би азтай нэгэн. Надад гайхалтай гэр бүл байна. Би ганцаардлаас их айдаг. Азаар би сайн ханьтай учирч гайхалтай гэр бүлийг бүтээсэн. Энэ бол том аз.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

top