|

Нурууны өвчнийг мэсгүйгээр анагааж болно

namuunaa 2015/08/07 1677 0

Нурууны бариа заслын "Med Spine” эмнэлгийн эмч Б.Баяраатай "Chiropractic” эмчилгээний талаар ярилцлаа. Үнэндээ энэ залууг нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг "алтан гартай” гэж дам дамаа дуулсан юм. Яг ямар аргаар яс засдаг нь сонирхолтой санагдаад түүнтэй ярилцахыг хүслээ.

 

 

-Баяраа эмч ээ, орчин үеийн анагаах ухаанд нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг албан ёсны эмчилгээ байдаг юм уу. Эсвэл ардын уламжлалт эмчилгээ ч юм уу, лам бөөгийн шившлэг домтой холбоотой юм уу?

-Олон улсын хэллэгээр бол chiropractic эмчилгээний бариа засал гэдэг юм. Энэ нь сээр нурууны дагуу даралтуудаар нурууны нугалмыг зөв байршилд оруулж, нугалмын мэдрэлийн судлыг суллах зорилгоор хийгддэг бариа заслын ажилбар л даа. Анх 1895 онд Америкийн эрдэмтэн Даниел Давид Палмэр эрүүл байхын бүх үндэс мэдрэлийн тогтолцоо болон сээр нуруунд байдаг гэсэн онолыг дэвшүүлсэн байдаг юм. Ингээд эрүүл саруул байхын тулд бие махбодийг сэргээх, зангирсан мэдрэлүүдийг суллах гар аргуудыг боловсруулсан байдаг. Chiropractic гэдгийг монголоор гар засал гэж нэрлэх нь тохиромжтой. Сүүлийн үед хүмүүс энэ эмчилгээний ач холбогдлыг сайн ойлгоод байгаа юм. Манай эмнэлэгт хандах нь ч ихэссэн.

-Гар заслаар тэгээд яг ямар өвдөлт, өвчнийг анагаах вэ?

-Ихэнх хүмүүс биеэ цэх барьж сураагүй, үргэлж бөгтийж явдгаас нурууны үений мөгөөрс элэгдэн нимгэрсан байдаг. Эсвэл нурууны ачаалал хэтрүүлснээсбэртэж гэмтэж нурууны нугаламууд нэг цэх эгнээнд байрлахаа больж, мэдрэл дарагдан өвдөлт, зовиур үүсдэг. Нурууны бариа заслаар гажсан нурууны ясыг эргүүлээд зөв байрлалд нь оруулдаг гэсэн үг. Дарагдсан мэдрэл чөлөөлөгдөж зангирсан булчин тайлагдахад цусан хангамж сайжирч булчингийн хүч нэмэгддэг. Ингэхээр chiropractic гар засал нь толгой, хүзүү, ууц нурууны бүх төрлийн архаг өвдөлтөд хамгийн тохиромжтой эмчилгээ болж чаддаг гэсэн үг л дээ.

Нурууны бариагаар толгойны мигрень өвдөлт, тогтмол толгой эргэж баримжаа алддаг зовиурыг багасгаж чаддагийг судалгаа, ажиглалт харуулсан. Гар заслаар хүзүүнээс эхлээд аарцаг хамруулсан бүх мэдрэлийн судлуудыг нилэнхүйд нь суллах боломжтой. Тэгэхээр эмчилгээний өндөр ач холбогдолтой арга гэж хэлж болно.

-Гутал нэг талаараа элээдэг хүн байдаг. Энэ хүний яс буруу хөгжилтэй гэсэн үг үү?

-Нуруу мурийснаас болж байгаа юм. Нуруу ер нь хэд хэдэн янзаар мурийдаг. Хойноос нь харахаар S үсэг шигээр нэг муруйна. Хажуугаас нь харахаар бөгтөр байдлаар нэг, хотойсон байдлаар бас нэг муруйна. Нурууны суулт гэж байна. Өндөр нь багасч байна гэсэн үг. Залуудаа 170 см байлаа, одоо 167 болсон гээд ярьдаг даа. Нуруу нь суусан гэсэн үг. Яс жижгэрдэг тал бий ч гол нь доошоо суусан байдаг. Татах хүч нөлөөлсөн хэрэг.

-Бариа засал хийдэг уламжлалт анагаахын эмч нар олон байдаг. Физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн ч юм уу, эм, мэсгүйгээр эмчлэх аргуудаас таны эмчилгээ юугаараа ялгаатай юм бэ?

-Физик эмчилгээ болон бусад ердийн эмчилгээ нь дасгал хөдөлгөөн, зөөлөн эдийн иллэг массажны цогц эмчилгээ гэсэн үг. Харин манай нурууны бариа засал нь голчлон нурууны баганы нугалам болон мэдрэлийг суллаж өвдөлт анагаадаг. Физик эмчилгээ, үе мөч ясны бариа засалч болон chiropractor гар засалч нарын эмчилгээний зорилго ижил байдаг л даа. Гэхдээ үе мөч, ясны эмч нар булчин болон тэдгээрийн цусны хангамжинд илүү анхаардаг. Сhiropractic гар засалчид харин мэдрэл булчинг удирддаг болохоор мэдрэлд учруулж байгаа даралтыг хөнгөвчилж булчингийн үйл ажиллагаанд тус болдог.

-Хүн ер нь нуруу, нугасандаа эмзэг ханддаг. Хэр баргийн эмчийн гар хүргэдэггүй. Гар заслаар нуруу нугас эмчилнэ гэхээр хүмүүс хэр хүлээж авч байх юм?

-Мэдээж нуруу нугас болохоор эргэлзээтэй зарим нэг зүйл бий. Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн мэдээллийн сэтгүүлд хүзүү, нурууг барихад хүзүүний нугалам гэмтэж тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн судалгаа хэвлэгдсэн байдаг. Тэгэхээр цус харвах эрсдэлт бүлэгт хамрагддаг хүмүүс нурууны бариа засал хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.Хийлгэхээр болвол мэргэжлийн өндөр хэмжээнд бэлтгэгдсэн бариа засалчаар хийлгэх нь дээр. Манай эмнэлгийн хувьд л гэхэд хүн хүрч ирэнгүүт нь шууд барьж аваад бариад байдаггүй. Эрсдэлтэй гэсэн үйлчлүүлэгчдийнхээ ясны сийрэгжилтийг оношлох (DXA)-ийн зураг авахуулж, эмчилгээ хийлгэж болох эсэхийг нь тодорхойлдог. Ховор тохиолдолд эмчилгээний дараа бие хөшиж хөндүүрлэх, ядрах зовиур илэрдэг болохоор барианы дараа нөхөн сэргэх, амрах бололцоог өөртөө өгөх хэрэгтэй.

-Яг яаж барьдаг юм бол оо?

-Нэг удаагийн нурууны бариа дунджаар 50-60 минут үргэлжилдэг. Эмчилгээ бүр олон төрлийн энгийн,чангарал суллах заслуудаас бүрдсэн байдаг. Бариа засалч нурууны баганын дагуу зөөлөн аргаар нугалам дээр хүчлэн дарахад нугалам хоорондын үе тэнийж, мэдрэлд нөлөөлж байгаа даралтыг багасгадаг. Нурууны нугалмын холбоос тэнийж сунасны дараа нугалам зөв байрлалаа олж суудаг сайн талтай.Chiropractic нурууны гар засалчид идэвхтэй хөдөлгөөнтэй байж, зөв хооллох зөвлөгөө өгөх нь элбэг байдаг.

-Тан дээр ирж байгаа хүмүүс яг юунаас болж нуруу өвдлөө гэж ирж байна?

-Хүнд юм өргөснөөс, дан бөгтийж явдаг, цэх суудаггүй гээд амьдралын буруу хэвшлээс голчлон шалтгаалсан байдаг. Мөн бидэнд хандаж буй үйлчлүүлэгчдийн дийлэнхи нь нугалам хоорондын дискний эвэрхийнээс үүдэлтэй гар,хөлний мэдрэл дагасан зовиуртай ирдэг.Энэ нь эхний үедээ нуруу хүзүү чилж өвдсөн зовиуртай байснаа хүндрэхээрээ хөл,гар саажиж мэдээгүй болдог аюултай.

-Уучлаарай дахиад лавлая. Дээр хэлсэнчлэн дискний эвэрхийг мэс засалгүйгээрбариад алга болгоно гэдэг баттай юу?

-Хүмүүс байгаа боломжийнхоо талаар хангалттай сайн мэдээлэлгүй байдгаас болж өндөр үнэтэй,эрсдэлтэй,2-5 жил бололгүй дахидаг,үр дүн муутай эмчилгээг сонгосоор байна. Ууц нурууны гэнэтийн хурц өвдөлт илүү элбэг тохиолддог ч яваандаа өвчин багасч алга болдог. Америк болон барууны орнуудад гар заслын эмчилгээг долоо хоногт гурван удаа хийж 8-12 долоо хоногийн хугацаанд үр дүнг нь мэдэрдэг. Манайх бол энэ эмчилгээг өдөр бүр хийж 14 хоногийн дотор үр дүнг нь мэдрээд байна л даа. Мөн гадны орнуудад эмчилгээндээ төрөл бүрийн нэмэлт төхөөрөмж, ор зэргийг хэрэглэдэг бол манайд зөвхөн гараараа бариа засал хийдэг. Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 96% нь 3-5 жилдээ зовиураа ор тас мартдаг.Хэрэв бидний зөвлөсөн өдөр тутмын амьдралын зөв хэвшлийг хэрэгжүүлж чадвал насан туршдаа нуруу,хүзүүнээс шалтгаалсан өвчин зовиургүй байх боломжтой.Судалгаанаас үзэхэд нурууны бариа засал нь толгой, хүзүүний архаг өвдөлтөнд тустай болохыг тогтоосон байдаг. Мөн үе мөчний үрэвсэл, булчингийн шөрмөсний өвчний их хэмжээний эмзэглэлтэй үед бариа болон гүн эдийн аль ч өвдөлтөд тустай.

-Гэхдээ нурууны бариа заслыг хийлгэж болохгүй гэсэн заалт бий биз дээ?

-Ясны сийрэгжилт,хорт болон хоргүй хавдар,хүнд хэлбэрийн үений үрэвсэл,ясны үрэвсэлт өвчин,ясны сүръеэ болон жирэмсэн эсвэл цус шингэлэх үйлчилгээтэй эм,дааврын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс нурууны бариа заслын эмчилгээ хийлгэж болохгүй. Ер нь бариа заслын ямар ч эмчилгээ хийлгэх гэж байсан нурууны өвдөлтөө зөв оношлуулсан байх ёстой.Учир нь дээр дурьдсан өвчнүүд болон дотор эрхтнүүдийн үрэвсэлт өвчний үед тухайн хүнд яг нуруу өвдсөн мэт мэдрэмж төрүүлж андуурагддаг талтай. Эмчилгээг эхлүүлэхээсээ өмнө та бариа засалчдаа одоогийнхоо эрүүл мэндийн нөхцөл байдал, хэрэглэдэг эм, гэмтэл бэртэл, хагалгаа хийлгэж байсан зэрэг эрүүл мэндийн түүх болон амьдралынхаа хэв маягийг тодорхой хэлж мэдэгдэх хэрэгтэй.

-Нуруу өвдөөд гээд ирж байгаа хүмүүс голчлон хэдий насны хүмүүс байна. Насны онцлог нөлөөлдөг байлгүй?

-Манай эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчдийн ихэнх буюу 60 гаруй хувь нь дунд насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүст ялангуяа 40-50 насны эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн шинж тэмдэг, зовиур илрэхээс гадна хавсарсан өвчлөл ихтэйгээсээ болж нуруу, мөр, хүзүүгээр хөших зовиуртай болсон байдаг. Мөн сүүлийн үед эрт цэвэршилт нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. 35 настай, цэвэршилтийн зовиур, шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд их ханддаг. Эмэгтэйчүүд эрүүл мэндийн шалтгаанаар өндгөвч, саваа тайруулах тохиолдол их байна. Тэдний зарим нь энэ тухайгаа сайн мэддэггүй бол зарим нь мэдсэн ч санаатайгаар нуух нь элбэг байдаг. Бид эдгээр хүмүүст эмчилгээ хийж, зовиур, шинж тэмдгийг нь багасгадаг боловч, асуудлыг нь бүрэн шийдэж чаддаггүй. Юу гэх гээд байна вэ гэхээрдунд насны эмэгтэйчүүд мэргэжлийн эмчид хандаж, даавар орлуулах эмчилгээг зааврын дагуу хэрэглэвэл эмчилгээний үр дүн илүү сайн байх магадлалтай.

Т.ОД

Санал болгох

Сэтгэгдэл

top