Найрамдлаар овоглосон Дархан хотынхон сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа. Улсдаа цор ганц дүүжин гүүр Дарханд л бий, хоёр уулын оройг холбосон зам тэнд л бий. Тэгвэл энэ удаад Будант Будлионы Биг Бен цамхагийг санагдуулам цагтай цамхаг Дархан хотын төв талбайд бослоо.
Тодруулбал, тус хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэгч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дулааны цахилгаан станцын хамт олон 50 жилийн ойн хүрээнд уг ажлыг хийсэн байна.
БНХАУ-д захиалгаар хийгдсэн Дархан хотын цаг нь 12 метрийн өндөртэй бөгөөд цамхагийн үндсэн хийц, загварыг станцын хамт олон гаргасан гэх бөгөөд дөрвөн зүг найман зовхистын алинаас нь харахад боломжтой хэмээн ийнхүү өндөрт байрлуулжээ.
Дашрамд дурдахад, тус станцын хамт олны гурван өдрийн цалин болох 40 гаруй сая төгрөгөө хотынхоо хөгжилд хандивлаж, аймгийнхаа хүүхдийн эмнэлгийн хүүхэд дамжин өнгөрөх тасгийг бүрэн тохижуулж хүлээлгэж өгсний зэрэгцээ шинээр байгуулагдсан долоодугаар хорооны нутаг дэвсгэрийг хүүхдийн тоглоомын талбайтай болгосноор олон ч хүний талархлыг хүлээгээд амжсан байна.