Дэлхий нийтээрээ биш ч гэсэн ихэнх улс орнууд есдүгээр сарын нэгэнд шинэ хичээлийн жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингээд бусад улс орнуудын хичээлийн программ, шинэ хичээлийн жилийн зурагнуудаас толилуулж байна.
Англи улс
Боловсролын систем нь дараах нас дээр үндэслэн үе шатанд хуваагддаг. Сургуулийн өмнөх боловсрол 3-5 нас, бага ангийн боловсрол 5-11 нас, дунд ангийн боловсрол 11-18 нас, дээд боловсролыг 18-аас дээш насныхан гэж хуваадаг. 16 наснаас эхлэн коллежид суралцах боломжтой. Их Британийн хууль ёсоор эцэг эх хүүхдээ сургуульд явуулахаас гадна гэрээр мэргэжлийн багшийн удирдлага дор сургах боломжтой байдаг. Гэхдээ үүнийг хуульчилсан байдаг.
Япон улс
Япон улсад бага, дунд шатны боловсролыг албан журмаар эзэмшүүлдэг. Японы боловсролын систем нь дэлхийн хоёрдугаар дайны дараах тус улсын эдийн засгийн байдлыг 10 жилийн дотор хурдацтай өсөхөд голлон үүрэг гүйцэтгэсэн. Бага сургуульд зургаан жил, дунд сургуульд гурван жил, их дээд сургуульд дөрвөн жил сурдаг байна. Цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд таваас доош насны хүүхдийг хамруулдаг.
Франц улс
Ерөнхий боловсрол эзэмших нас нь 6-18 нас хүртэл байдаг. Нэг ангид ойролцоогоор 23 хүүхэд суралцдаг ба заавал дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй боловч шашин шүтлэгтэй холбоотой өмсгөл, хувцас өмсөхийг хориглодог. 6-11 настай сурагчид унших, бичих, тоо бодох зэрэг ерөнхий чадварыг эзэмших ёстой байдаг бол ахлах ангийн сурагчид франц хэл, математик, физик, байгалийн ухаан, гадаад хэл, түүх, газарзүй, эдийн засаг зэрэг хичээл судалдаг.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост хичээлийн жил хоёр семистерт хуваагддаг. Эхний улирлын хичээл гуравдугаар сараас долдугаар сар хүртэл, хоёрдугаар улирал нь есдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд хичээллэдэг байна. Сурагчид солонгос хэл, математик, шинжлэх ухаан, биеийн тамир, нийгмийн ухаан, ёс суртахуун зэрэг үндсэн хичээл судалдаг. Өмнөд Солонгост улсын болох хувийн сургууль аль аль нь байдаг. Хувийн сургуульд суралцах хүүхдийн тоо хязгаартай. Гэхдээ улсын болон хувийн сургуулийн аль аль нь улсаас санхүүждэг.