-Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийн жагсаалтын албан ёсны хувилбар-
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2011 онд "Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд зохион байгуулсан билээ.
Тус зөвлөгөөнөөс кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм. Бид тухайн үед хэлэлцүүлгээр эцсийн хувилбараар тогтлоо гэх мэдээллийг 2011 оны зургаадугаар сард хүргэж байсан.
Сүүлийн үед энэхүү зөвлөгөөний шийдвэр интернэтийн ертөнцөд ихээр цацагдах боллоо. Тиймээс бид зөвлөгөөний шийдвэр бус харин яамнаас эцэслэн шийдвэрлэснийг та бүхэнд хүргэж байна.
БСШУЯ-аас 2011 оны аравдугаар сард дээрх 700 үгийг дараах байдлаар эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй 700 үгийг хэрхэн хэрэглэх талаарх эцсийн шийдвэр нь тухайн үед БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярын гарын үсэг бүхий дараах тогтоолоор шийдвэрлэгдсэн гэсэн үг.
Ингээд та бүхэнд Төрийн хэлний зөвлөлийн тогтоол болон 700 үгийн жагсаалтыг хүргэж байна. Жич: 700 үгийг хуулахад алдаа мадаг гарах магадлалтай тул бид тухайн тогтоолыг зураг болгосон.
МОНГОЛ УЛС ТӨРИЙН ХЭЛНИЙ ЗӨВЛӨЛ
2011 ОНЫ 10 САРЫН 05 ӨДӨР ДУГААР №01
Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай
"Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэг,”Соёлын тухай” хуулийн 13 дугаар зуйлийн 2 дахь хэсэг.Кирил бичгийн бичлэгийн стандарт тогтоох мэргэжлийн комиссын дүгнэлтийг үндэслэн ТОГТООХ нь:
1. Кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоосон монгол болон гадаад хэлний үгсийг 1,2 дугаар хавсралтын ёсоор,гадаад үгсийн монгол орчуулгыг 3 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
2. Бичлэгийн стандартыг тогтоосон үгсийг албан бичиг болон олон нийтэд зориулсан бүх төрлийн ном,сурах бичиг, мэдээлэл, хаяг, шошгод мөрдөн хэрэглэж байхыг төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид, хянан тохиолдуулагч нар, зар сурталчилгааны агентлагуудад үүрэг болгосугай.
3. Бичлэг болон орчуулгыг тогтоосон үгсийг товхимол болгон хэвлүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд, ном хэвлэдэг байгууллага, бүх шатны сургуулийн багш нар, тэдгээр сургуулийн сурах бичгийг зохиогчид,хянан тохиолдуулагч нар.зар сурталчилгааны агентлагууд, төв болон орон нутгийн номын сангуудад зохих үнээр худалдан хүргэхийг Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газар (Д.Эрдэнэчимэг), Санхүү, хөрөнгө оруулалтын газар (С.Наранцогт) -т даалгасугай.
4. Монгол хэлний дэлгэрэнгүй болон хураангуй тайлбар толиуд,олон хэлний толиудад байгаа үгсийн бичлэг,бүрэлдэхүүнийг тогтоосон стандартын дагуу хянаж, шаардлагатай өөрчлөлт хийж,хэвлэхийг толь зохиогчдод үүрэг болгосугай.
Дарга Ё.Отгонбаяр