|

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбогдуулан Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

tonshuul 2015/02/09 2812 0

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулахтай холбогдуулан Засгийн газраас мэдэгдэл гаргалаа

 

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас огцруулах санал гаргасантай холбогдуулан энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээн хуульчлан тунхагласан бөгөөд хууль тогтоогч, Улсын Их Хурлын гишүүн нь аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ тухайн асуудлын үнэн, бодитой байдлыг сайтар нягтлан үзэж, туйлын нухацтай хандаж байх шаардлагатай билээ.

Гэтэл нэр бүхий гишүүдийн гаргасан огцруулах үндэслэлд "Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий "Эрдэнэс оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын "Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум, 500 сая төгрөгийг шилжүүлсэн байна” гэсэн нь бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байх бөгөөд үүнийг Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус, явуургүй арга гэж үзэж байна.

Учир нь Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг [1] Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 9/445 тоот албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн тус Байнгын хороонд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлээр Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлын үндсэн хүрээг тодорхойлдог бөгөөд уг зүйлийн 5 дахь хэсгийн 2-т "Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал”-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариуцахаар хуульчилсан тул Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Байнгын хорооны дээр дурдсан албан бичгийн хариуг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/138 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан "Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан "Эрдэнэс оюу толгой” 17500.0 сая төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө бөгөөд энэхүү зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулах асуудлыг "Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтоосон Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах үндсэн ажлын хүрээнд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны албан бичигт хариу хүргүүлэх нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бүрийн хуулийн дагуу хариуцан гүйцэтгэдэг үндсэн ажил, үүрэг болно.

Төрт ёсны уламжлал, төрийн институт хоорондын бичиг хэргийн харилцааны талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй байх учиртай, нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс ийнхүү асуудалд туйлын хариуцлагагүй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаа явдалд гүнээ харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХЭВЛЭЛ,

МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 


Төсвийн тухай хуулийн 12.1.2-т улсын төсөв, түүний тодотголыг боловсруулах бүрэн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр заасны дагуу Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн яам хариуцан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулан хэлэлцүүлсэн бөгөөд Засгийн газраас уг хуулийн төслийг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болно.

Scan 22 Scan 23

Санал болгох

Сэтгэгдэл

top