Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Бид Чадна сайт санаачлан Эмэгтэйчүүдийн
Бриллиант клуб ТТБ ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын анхны
Тэргэнцэртэй сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Цолмон хэмээх бүсгүй
түрүүлж, титмийн эзэн болсон тухай бид мэдээлж байсан. Хүйтэн шалан дээр
нүцгэн хөлөөрөө гишгэн мэдрэхийг хүсдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа
дурдаж үзэгч, уншигчдын сэтгэлийг хөдөлгөөд байсан тэрбээр дуу хөгжим,
шүлэг найраг сонирхон хичээллэдэг авъяастай, хөдөлмөрч нэгэн гэнэ.
Саяхан Цолмон Бриллиант клуб ТББ-н бүсгүйчүүдээс түүнд олгосон шагналаа
биеэр эдэлж Итали улсад хөгжлийн бэрхшээлтэй залуусын Олон Улсын
зусланд амараад иржээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд юу ч хийж бүтээж чаддаггүй, төрөөс халамж хараад суудаг улс гэсэн ойлголтыг ор үндэсгүйг харуулж хоёр дугуйт тэргэн дээрээ хорвоог " үүрч " яваа мисс бүсгүйг хараад үлгэр дуурайл авдаг хүн цөөнгүй байдаг гэнэ.
Бас нэгэн сонин гэвэл, түүний тэргүүн миссийн шагналын титэм болох мөнгөн титэм нь Монголын мисс Ё.Нямжавын титэм гэнэ. Бриллиант клуб ТТБ-н санаачлагч, тэргүүн Мисс Ё.Нямжав түүнд өөрийн титмээ бэлэглэсэн нь энэ ажээ. 1980-аад оны сүүлээс эхтэй Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны 2001 оны тэргүүн миссийн мөнгөн утсаар сүлжиж хийсэн титэм ийнхүү Цолмон бүсгүйн толгойг чимэх болжээ.