|

Орхоны зарим баг Булганд харьяалагддагийг өөрчлөх ёстой гэв

enkhbaatar 2015/09/24 600 1

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр "Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон зарим аймгийн баг, хороодын Засаг дарга нар оролцсон юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2015 он гарсаар нийт 2834 өргөдөл ирснээс 1676 нь хувийн асуудлаар гаргасан өргөдөл эзэлжээ.

Иргэдээс ирүүлсэн хувийн чанартай өргөдлийг агуулгаар нь ангилбал мөнгөн тусламж хүссэн 108, сургалтын төлбөрийн асуудлаар хандсан 208, ажилд орох 219, орон байр, гэр хүссэн 139, эмчилгээний зардалд тусламж хүссэн 291, шагналын асуудлаар 84 өргөдлийг ирүүлсэн байна.

Хуулиараа мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд оруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй аж. Цаашид УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат, шатандаа бүрэн судалж зохих ёсоор шийдвэрлэх, хэрхэн шийдвэрлүүлэх талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллахад анхаарах шаардлагатай байна гэж үзэж буй юм.

Түүнчлэн Булган аймагт Орхон аймаг нь багтдаг, Сэлэнгэ аймагт Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр харьяалагддаг хачин тогтолцоогоо өөрчлөхгүй бол аймаг нь хот болж хөгжиж болдоггүй, хорооддоо дэд бүтэц хүргэж чаддаггүй томоохон бэрхшээлтэй тулж, тав тухтай орчинд амьдрах иргэний эрхийг зөрчиж байна гэдэг асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж буй хэлэлцүүлгийн үеэр баг, хороодын Засаг дарга нар хөндлөө.

Тухайлбал,  Орхон аймгийн зарим баг Булганы нутаг дэвсгэрт харьяаллагддаг байна. Үүнээс болж дээрх багууд руу авто зам тавьж чаддаггүй аж. Гэтэл хүн амын суурьшлаа дагаад баг, хороод томорч хатуу хучилттай авто зам тавих шаардлагатай болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаг захиргааны нэгждээ өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороо дээрх асуудлыг анхааралдаа авах ёстой гэ.в Мөн хороодын хэсгийн ахлагч нарын цалинг нэмэхэд анхаарахыг хүсэв. Хэсгийн ахлагчийн сарын цалин 192500 төгрөг аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтны тайлбараар бол хэсгийн ахлагч нарын цалинг нэмэх боломжгүй. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа тул ойрын хугацаанд шийдэх боломжгүй. Гэхдээ энэ нь хэсгийн ахлагч нарын цалинг нэмэхгүй гэсэн үг биш, нэмэгдүүлэх шаардлага байгаа гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа гэв.

Нийслэлийн хороодын зүгээс цэцэрлэгийн хүрэлцээ муу, сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Хороонд нь нэг ч цэцэрлэггүй байхад архины дэлгүүр нь хаа сайгүй байдаг. Үүнээс болоод гэмт хэрэг их гардаг гэдгийг хэлж байлаа.

Эдийн засгийн хямралын уршгаар иргэдийн амьжиргаа доройтож нүүрсээ худалдан авахад бэрхшээл учирч буй. Иймд өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг хороодын зарим нэг Засаг дарга хөндөн ярьсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top