Их Британийн "ВВС” агентлагийн сэтгүүлч Кливе Мурие XIV Далай ламаас ярилцлага авчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Та Их Британи улсад 9 хоногийн хугацаатай шашны айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Таныг дахин харсандаа баяртай байна.
-Надад бас таатай байна. Үзэсгэлэнт Британи улсад хоёр дахь удаагаа хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа ихэнх хугацааг Лондонд өнгөрөөх болно. Британийн удирдлагуудын тусламжтай олон асуудал шийдвэрлэхийг зорьж байна.
-Нууц биш бол. Бидэнд сонирхуулаач?
-Бүх хүнд зүрх сэтгэл бий. Зүрх бол уучлал үзүүлэх, хайрлахад зориулагдсан эрхтэн. Миний сэтгэлийг хямруулж буй зүйл бол дүрвэгсдийн асуудал. Уучлахыг мэдэхгүй хүмүүсийн төлөө хохирч буй хүмүүсийг харахаар миний сэтгэл уйтгар гунигт автах юм. Эх орноо орхин гарах тийм ч сайхан зүйл биш. Учир нь чиний орхин гарч буй тэр газар чиний амьдралын утга учир байсан болохоор. Дүрвэгсдийг ивээлдээ авч, амьдрах итгэл хайрлах нь бидний үүрэг. Олон улс энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Учир нь бид бүгдээрээ зүрхтэй. Зүрх хамгийн эхэнд шархалж, хамгийн хурдан эдгэрдэг онцгой чадвартай.
-Европын орнуудад дарааллан халдлага гарч, олон хүн амиа алдсан. Халдлагуудыг ихэвчлэн исламын шашинтнууд үйлдсэн. Харин Ойрхи Дорнод болон Хойд Африкаас ирж буй цагаачдын ихэнх нь исламын шашинтнууд. Дүрвэгсэд халдлага үйлдэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ?
-Ямар шашин шүтэх нь хувь хүний сонголт. Гэхдээ исламын шашинтай гэх шалтгаанаар гадуурхах, хардах эрх хэнд ч байхгүй. Учир нь бид нэг тэнгэрийн дор амьдарч буйг мартах учиргүй.
-Таны бодлоор хүнийг өөрчилж, танигдахын аргагүй болгодог хүчин зүйл?
-Мөнгө. Мөнгө, мөнгө, мөнгө гэх зүйл хүний жинхэнэ аашийг өөрчилж, танигдахын аргагүй болгодог. Зарим хүн мөнгөний төлөө өөрийгөө араатан болгож буйг хараад би гайхдаг. Мөнгө, хүмүүс энэ зүйлийг зүгээр л хэрэгцээ гэдгийг ойлгож, ухамсарлах хэрэгтэй.
-Тантай уулзсан сэтгүүлчид нэг зүйлийг сонирхдог. Үнэнийг хэлэхэд, энэ асуудал ч миний анхаарлыг татаж байна. Энэ бол таны хойд дүр. Энэ боломжтой юу. Таны хойд дүрээр эмэгтэй хүн тодрох боломжтой юу?
-Тэгэлгүй яахав. Энэ бол боломжтой зүйл. Миний хойд дүр уучлах сэтгэлтэй, үзэсгэлэнтэй эмэгтэй хүн байгаасай хэмээн хүсч байна. Эмэгтэйчүүдийн сэтгэл агуу, уужуу. Тэд төрөхдөө л уучлах, хайрлах сэтгэлийг өвлөж төрдөг. Харин эрчүүд амьдралынхаа явцад, эдгээр эрдэмд суралцдаг.
-Хэрвээ миний урд эрэгтэй бус эмэгтэй далай лам байвал илүү сонирхолтой байх байлаа?
-Мэдээж хэрэг. Үзэсгэлэнтэй эмэгтэй миний залгамжлагч болох учиртай.
-Гэхдээ XV далай лам тодрохгүй байж магад гэсэн?
-Би өөрийнхөө дараагийн төрлийг өөр шигээ тэнүүлчин болгохыг хүсэхгүй байна. Тиймээс сайн сайхны төлөө хойд дүрээ тодруулахгүй байхыг хүсч байна. Хятадын удирдлагууд ч над шиг бодолтой байгаа.
shuud.mn