Хятадын коммунист намын Сахилгын хяналтын төв хорооны дэд дарга Жао Хонгзу Франц Улсад хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Хууль зүйн сайд зэрэг албаны хүмүүстэй уулзалт хийв гэж Синхуа агентлаг мэдээлэв.
Мөн БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар тус улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон улсын оролцоог нэмэгдүүлэх, хууль бус хөрөнгө болон авлигын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг буцаан авах зэрэг асуудлаар Лион хотод төв байр нь байдаг Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт зохион байгуулсан байна.
Хятадын дарга Си Зиньпин 2012 оны сүүлээр албан тушаалд очсоноос хойших хугацаанд авлигатай тэмцэх томоохон кампанит ажиллагаа эхлүүлээд байгаа ч хятадын авлигач албан тушаалтнуудын хамгийн ихээр амьдарч буй хоёр улс болох АНУ, Канад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй нь хилийн чанадаас авлигач албан тушаалтнууд болон түүний хөрөнгийг буцаан авахад ихээхэн саад учирч байна. Учир нь барууны улс орнууд хятадын шүүхийн систем дэх шударга бус байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг бөгөөд мөн авлигын сэжигтнийг эрүүдэн шүүх, цаазаар авах ял тулгах явдал түгээмэл байна гэж хүний эрхийн байгууллагууд үздэг.
Энэ оны эхээр Хятадын Засгийн газраас авлигач албан тушаалтнуудыг буцаан авахын тулд "Operation SkyNet” хэмээх санаачилгыг бий болгоод байгаа бөгөөд үүний хүрээнд авлигын хэрэгт сэжиглэгдэн хилийн чанадад амьдарч буй 100 сэжигтний нэрсийн жагсаалтыг ил болгосон билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх жагсаалтад бүртгэлтэй хүмүүсээс зөвхөн Бээжинтэй нягт хамтын ажиллагаатай байдаг улс орнуудаас 10 хүнийг л шилжүүлэн авсан ажээ.
Эх сурвалж: uk.businessinsider.com