МУИС 2015-2016 оны хичээлийн жилд 12-40 хувиар сургалтыг төлбөрийг нэмсэн. Энэхүү нэмэгдлээ багш, ажилчдын цалинг нэмнэ хэмээн тайлбарласан байдаг. Гэвч энэ нь худлаа бөгөөд энэхүү худал хуурмагаа засаж залруулах боломж байгаа юм.
МУИС-ийн УЗ маргааш хуралдана. Хуралдаанаар тус сургуулийн төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн 2015 оны төсвийн тодотголоор хэлэлцэх төсвийн задаргааг УЗ-ийн гишүүдэд хүргүүлжээ. Улс орны төсөв хүнд байгаа хэдий ч, МУИС-ийн орлогын төсөв урьд өмнө байгаагүй их хэмжээтэй байна. Тухайлбал, 2015 оны баталсан төсөв 54 тэрбум байсан бол, тодотгосон төсвөөр 61 тэрбум болж өсчээ. Гэхдээ эндээс багш нарын цалинг нэмэх талаар яригдаагүй, сургуулийн байрны л асуудал яригдаж байгаа юм.
- МУИС 2015 онд цалингийн төсвийг 26 тэрбум төгрөг байхаар баталсан. Харин төсвийн тодотголоор 25 тэрбум болж багассан байна. Өөрөөр хэлбэл зөвлөх профессорууд болон гэрээт багш нарын гэрээг цуцалж, 1 тэрбум төгрөгний цалингийн хэмнэлт гарчээ. Цалинд төсөвлөсөн мөнгөнөөс гарсан хэмнэлт учир энэ мөнгөө 2015 оны 9 сарын 1-ээс он гартал цалингаа нэмэх боломжтой байсан ч уг мөнгийг барилга руу шингээжээ.
- Эрдэм шинжилгээний орлогыг 2015 онд 739 сая гэж баталсан ч, тодотголоор 1.7 тэрбум болж өссөн байна. Зөрүү 963 сая төгрөгний орлого орж ирнэ гэсэн үг. Гэтэл тодотгосон зардал дээрээ 544 сая гэсэн байна. Зөрүү 400 саяыг бас л барилга руу оруулсан гэсэн үг. Энэхүү ЭШ-ний орлогыг дарга нар биш эрдэмтэн багш нар өөрсдөө олж ирдэг мөнгө болохоор тэдний цалинг нэмэх боломж бололцоотой гэсэн үг юм.
Энэ мэтээр багш, ажилчдын цалинг нэмэх үндэслэл хангалттай байхад нэмэхгүй байгаа нь "ашиг сонирхлын зөрчил” мэт харагдаж байгаа юм. Уг нь 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэмэгдлээс авахгүйгээр 2015 онд баталсан цалингийн зардлын хэмнэлтээсээ 9 сарын 1-ээс цалин нэмэх бүрэн боломж байна. Мөн судалгааны сургууль болно гээд яриад байсан болов ч, эрдэмтэн багш нарын төслөөр олж ирж байгаа орлогыг эрдэм шинжилгээнд биш өөр зүйлд зарцуулах гэж байна.
Багшаа дэмжинэ. Дэмжих зарлаа үргэлж нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг болов ч, 2015 онд зарцуулна гэсэн зардлаа харин ч хасаад батлах гэж байна. Эсрэгээрээ барилга байгууламжийн засварын зардал 655 саяар нэмэгджээ.
Хэрвээ Р.Бат-Эрдэнэ захирал багш, ажилчдынхаа цалинг нэмнэ гэж хэлсэндээ хүрсэн бол МУИС-ийн ҮЭНХ жил болгон захиргаатай хамтын гэрээ байгуулдаг бөгөөд гэрээнд багш ажилчдын цалинг 2015 оны 9-р сарын 1-ээс 20% жигд нэмэгдэх байсан байв. Харин МУИС-ийн "хурган”дарга нар үндсэн цалин болон зэргийн нэмэгдэл дээрээ нэмээд ур чадварын нэмэгдэл 20%-ийн нэмэгдэл авдаг. Өөрөөр хэлбэл өөрсдийнх нь цалин хангалттай болохоор цалингаас цалин, өрнөөс өрний хооронд амьдардаг багш ажилчдынхаа цалинг хугацаанд нь нэмчих сэтгэл, зүтгэл дутав бололтой.
Гэхдээ алдаагаа засах боломж, цаг байгаа болохоор нэгийг бодож, нилээдийг хийх бизээ...
А.Баярмаа