|

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

magnai 2015/10/02 1933 233

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

 

Завсарлага авах шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дууссан учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр бичээд явуулъя гэсэн. Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Тийм учраас Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж, бидний гишүүд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гээд тодорхой хуулийн заалтуудаар санал гаргасан ч олонхийн дэмжлэг аваагүй учраас цөөнх болсон. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Гишүүдийн ойлголт нэг болоогүй байхад санал хурааснаас будилаан ч бас гарсан. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд тэдний хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Байнгын хорооны хурал өчигдөр болоход хэдэн гишүүн цөөнх болсон. Гол асуудал юу байна вэ гэхээр цөөнх болсон гишүүдийн саналыг хураалгахгүй гээд хаагаад байгаа байхгүй юу. Байнгын хороон дээр дэмжлэг аваагүй саналыг чуулган дээр санал хураалгавал болно. Ингэхгүй бол болохгүй."

 

Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.

 

Энэ нь албан тушаалын гэмт хэргүүдийг Өршөөлд хамруулахаар болж, санал дэмжлэг хүлээсэнтэй холбоотой.

Т.Энхэлээ

24tsag.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

top