Доржсүрэнгийн Пүрэвсүрэн 1962 онд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутагт төрсөн гэдэг. Би түүнтэй 1996 онд Эрдэнэт хотын 20 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын бэлтгэл ид өрнөсөн шуугиант өдрүүдэд уран бүтээлээрээ танилцаж билээ. Эрдэнэтийг эр-дэнэс ундраагч уурхайчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгээд ч тэр үү тэр тоглолтонд нэг л юм дутагдаад байсан нь уурхайчдын тухай дуу байж. Тоглолтын хөтлөгчийн үг, шүлэг дуу хэрэг болохоороо л над руу ханддаг заншлаараа найруулагч Д.Одончимэг нэг ёсны тушаал буулгах нь тэр. Тийнхүү "Уурхайчин би” шүлэг төрж Д.Пүрэвсүрэн маань ая эгшгийг нь ёстой л ургуулж өгсөн билээ. Тэр үед Пүүжээ Эрдэнэтэд ирээд удаагүй байсан болохоор хэнээр дуулуулбал зохихыг сайн товлоогүй байсан. Эхлээд уран сайханч, ардын авьяастан Энхсайхан дуулсан юм. 2 жилийн дараа "Уурхайчин би” аяндаа л жинхэнэ эзнээ олсон нь Тэргүүний уран сайханч, МУСТА Мөнхнасангийн Энхтогтох юм даа.
Д.Пүрэвсүрэн аливаад удаан, нухацтай ханддаг өнөөх л зангаараа эхлээд "Уурхайчин би”-г нэг их ойшоохгүй байсан санагдана. "Ангир буцах намар”, "Хурдан зээрд”, "Нарны сүүтэй нутаг” гэх зэрэг хориод шүлгэнд минь ая дууны жигүүр ургуулж өгсөн ачтан гэж би Пүрэвсүрэнгээ хайрлан хүндэтгэж явдаг юм. Эдгээр дуунууд миний их хайртай бүтээлүүд л дээ. Гэтэл Пүүжээ маань дуугаа олны хүртээл болгоё гэж нэг их шамдахгүй. Ерөөс хөгжмийн том зохиолчид дуу гэхээсээ илүү ямар агуу хөгжмийн бүтээл туурвих билээ хэмээн тархиа гашилгаж, оюун бодлоо чилээж явдаг бололтой юм билээ. Пүүжээ ч тэдний л нэг. Д.Пүрэвсүрэн Багшийн сургуулийн соёлын ангийг хөгжмийн багш мэргэжлээр, ЗХУ-ын Харьков хотын Соёлын дээд сургуулийг 1987 онд ардын хөгжмийн удирдаач мэргэжлээр дүүргэж Ардын дуу бүжгийн "Алтай” чуулга, төрөлх Хөвсгөл аймгийнхаа ХДТ-т хөгжмийн багш, уран сайхны удирдагч хийж байгаад 1996-2003 онд Дуу бүжгийн "Эрдэнэт” чуулгын хөгжмийн багш, уран сайхны удирдагчаар ажилласан. Залгаад "Баян-Өндөр” цогцолборын Хөгжмийн сургуулийн эрхлэгчээр ажиллаж олон арван хүүхдэд хөгжмийн боловсрол олгож яваа хүн. Зуу гаруй шавийнх нь нэг Цэрэнпил Өсвөрийн хөгжимчдийн "Ая дууны зургаан жигүүр” улсын уралдаанд хоёр ч удаа тэргүүн байр эзэлсэн санагдана. Өнөөх Төмөр замын чуулгын лимбэчин Цэрэнпил шүү дээ.
Пүүжээ Дуу бүжгийн "Эрдэнэт” чуулгад ажиллах хугацаандаа хөгжимчдийн ур чадварыг ахиулах, хамт олныг төлөвшүүлэхэд их зүйл хийсэн гэж хөгжимчид ярьдаг. Түүний туурвисан бүжгийн хөгжмүүд их аялгуулаг, уран сэтгэмжтэй байдаг. Бүжигчин гэргий А.Дэлгэрцэцэгийнх нь инээмсэглэн бүжиглэж буй донж төрх нөлөөлдөг ч биз. Бат-Очирын дэг "Хавар”, Мөнгөнцэцэгийн дэг "Дөрвөн ойрад”, Д.Отгонбаатарын дэг "Мэндчилгээ” зэрэг бүжгийн хөгжмийг сонсоход аргагүй л тэгж бодогдоно.
Ардын хөгжмийн найруулгыг ч тун чамбай сайхан хийдэг гэж хөгжимчид магтдаг. Эрдэнэт хотын 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглол-тод түүний найруулгаар Штраусын "Баярын марш”, Ф.Листийн "Венгер расподи-2”-ийг манай хөгжимчид гайхамшигтай сайхан тоглож Эрдэнэт болон нийслэлийнхэн төдийгүй мэр-гэжлийн томчуудыг ч алмайруулсан. Чен Жан, Хе Занхаогийн "Хос эрвээхэй” хэмээх дэлхийн сонгодог хөгжмийг морин хуурч Ромоодойн Адилбиш монголд анхлан ямар чадварлаг сайхан тоглосон билээ дээ. Тэрхүү гайхамшигтай аялгуу одоо ч сэтгэлд уянгалсаар байдаг. Монгол ардын "Цонхон дээр суусан ялаа”, "Хөх торгон цамц” дууны аяыг санагдуулдаг тэрхүү уянга, цоглог хэмнэл хосолсон сайхан хөгжмийг Д.Пүрэвсүрэн морин хуурын гоцлолд зориулж сайхан ч найруулсан.
Хэд хичнээн, ямар ямар хөгжимд тохируулан найрсуулж яруу сайхнаар дуурс-гах вэ гэдэг нь уг хөгжмийг туурвихаас дутуугүй ур чадвар, авьяас билэг, мэдрэмж, хөгжмийн онол, боловсрол шаарддаг юм билээ. Д.Пүрэвсүрэнгийн "Уран сэтгэмж” хуу-чир, шударгын хоршил, "Эрдэнэсийн эзэд”, "Шударгын концерт” зэрэг олон сайхан хөгж-мийн зохиол нь манай хөгжимчдийн тоглох дуртай яруу туурвил билээ. Түүнд он цагийг эзлэн дуурсах хөгжмийн олон том бүтээл бий. Д.Пүрэвсүрэнгийн хөгжмөөр бүтсэн Далхаагийн Норовын цомнол "Аргагүй амраг” дуулалт жүжиг нь "Алтай” чуулгад, Чилхаажавын цомнол "Дүйнхэр Да лам” дуулалт жүжиг нь Хөвсгөлийн театрт тавигдаж, найруулагч Д.Эрдэнэ "Хүү минь өршөө” киноны хөгжмөө зохиолгож билээ.
Намс намс алхаж, намуун зөөлөн дуугарч, ялимгүй мушийн инээвхийлэх энэ эрхэм бас ч муугүй шооч. Бас уран гоё зурахыг нь яана. Тэр тусмаа тосон будгаар байгалийн өнгө будгийг хөгжмийн яруу тансаг эгшиг мэт гаргана. Сонгодог хөгжмийн зохиолчдын хөрөг бүтээх нь түүний нэг ёсны баяр баясгалан. Энэ бол авьяас хийгээд сэтгэл юм даа. Надад Пүүжээгийн зурсан Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Билигийн Дамдинсүрэнгийн хөрөг байдаг юм. Би тэр хөргийг бурхан мэт шүтдэг. Бүтээлийг нь шүтнэ гэдэг бүтээгчийг нь шүтэж буйтай адилхан л даа. Тэгээд ч тэр миний хамгийн хайртай дуунуудын минь хөгжмийг туурвисан уран бүтээлийн дотнын анд, даруу нь дэндсэн, яруу хөгжмийн туурвигч билээ. Өглөө бүр "Эрдэнэт” үйлдвэр өөд хөврөх ажилчдын унаанд "Уурхайчин би” дуу эгшиглэж тэр л дуугаар сэтгэл бадарсан уурхайчид ажил үйлдээ шамдан зүтгэж эх орныхоо хөгжил дэвшилд эрч хүч нэмж байдаг даа гээд бодохоор Доржсүрэнгийн Пүрэвсүрэнг хайрлаж хүндэтгэхгүй байхын аргагүй юм даа.
Шүлгийг Дамбийн
Дашдондов (МУСГЗ)
Хөгжмийг Доржсүрэнгийн
Пүрэвсүрэн (МУСТА)
УУРХАЙЧИН БИ
Магнайдаа шороогий нь адисланхан байж
Маргад эрдэнийн хөрсийг нь хөнддөг
Мандан гийсэн гүрнийхээ төлөө
Махран зүтгэсэн уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би
Сувдан хэлхээ асгаруулан байж
Сулаар олддоггүй эрдэнэс ундраасан
Суутай түмнийхээ жаргалын төлөө
Судар шиг элэгдсэн уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би
Аатайхан насаа элтлэнхэн байж
Алган дээр чинь эрдэнэс дээжилсэн
Амьдралын гэгээ, хайрынхаа төлөө
Асаж бадарсан уурхайчин би
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй
Удмаа дагасан уурхайчин би, уурхайчин би
Д.ДАШДОНДОВ