Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, байлдааны гавъяаны улаан тугийн одонт эх оронч Дашбалжирын Бямбажав агсаны охин Б.Мөнхтөртэй ярилцлаа.
-Та эхлээд аавынхаа тухай ярина уу? Танай аав ямар гавьяа байгуулсан хүн бэ?
-Аавыгаа эргэн дурсахад маш сайхан байна. Манай аав нутаг усандаа Улсын "баатар” хэмээн хүндлэгдэж явлаа. Аав маань 1945 оны эх орны чөлөөлөх дайнд оролцож явсан тухайгаа маш тодорхой ярьж өгдөг байсан. Аавыг дайнд хэрхэн яаж оролцож явсан талаар хүмүүс их яриулна. Манайх хүний хөл тасардаггүй жирийн нэг айл байлаа. Аав маань сургууль, цэцэрлэг, албан газруудад урилгаар очиж байлдаанд хэрхэн оролцож явсан тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгдөгсөн. Эрдэнэт хотод амьдарч байхдаа Барилгын цэргийн 110-р анги, 186-р нэгтгэл, Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэр, Мод боловсруулах комбинат, цэцэрлэг, сургууль, ГОК зэрэг олон газар очиж лекц уншсан. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов гуайн туслах аавыг "та маш сайхан, ойлгомжтой дэлгэрэнгүй ярьж байна, ямар ч лектороос илүү байна” гэж үнэлж явсан гэдэг. Дайныг өөрийн нүдээр үзэж, биеэр туулсан болохоор хүний нүдэнд харагдтал ярьдаг байсан нь хүний сэтгэлд хүрч байсан бололтой. 1985 оны есдүгээр сарын эхээр Халх голын ялалтын 40 жилийн ойгоор аав маань Улаанбаатарт дайнд хамт оролцсон нөхөдтэйгээ уулзсан. "Нэгдэлчин” зочид бүудалд байрласан гэдэг. Ротын дарга а/д С.Дамдинжав, салаан туслах Т.Дүүдэй, салаан дарга, дэслэгч Д.Санж жагсаалын дарга а/т Чимэдцогзол, миномёт бууны салааны тасгийн дарга, ахлах түрүүч Д.Бямбажав, ахмад дайчин С.Оросоо, Д.Сэдбазар, Ц.Жамбаа, эмч Ламчогдон нар уулзсан. Би тэр үед аавтайгаа хамт хоолонд орсон юм. Тэгэхэд тэр хүмүүсийг надад танилцуулж байлаа. Харин БНМАУ-ын баатар С.Дампил гуай хорвоогийн мөнх бусыг үзсэн байсан. Би тэр хүнийг сайн танина. Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Аавтай хэд хэдэн удаа гэрт нь очиж байсан юм. Ингээд ротын дарга а/д С.Дамдинжав гэж хүн аав руу гараараа заагаад "би чиний амьдралаар тоглосон нүгэлтэй хүн. Тэр үед залуу насны алдаа байж. Чамд атаархаж, чамайг хороох бодолтой явсан ч чи бусдаас илүү онцгой мэргэн буудагч төдийгүй чамайг орлох хүн хараахан байгаагүй, чи эх орондоо хэрэгтэй хүн байсан. Иймээс би чиний байлдаанд гарамгай гавьяа байгуулсан баримтуудыг устгасан нь үнэн” гэж хэлсэн. Тэгэхэд аавын царай барайж, тэнд байсан бүх хүмүүс дуугаа хурааж нөгөө инээлдэж хөхрөлдсөн байдал тэрхэн зуур эсрэгээр эргэсэн. Дамдинжав гуай нилээд халамцуу бүх үнэнээ хэлж орхисон. Би бүр уураа барьж ядаад ширээн дээрх тавгийг хага шидсэн. Дамдинжав гуайг хэд цохиод "тэнэг өвгөн та л миний аавын амьдралыг балласан юм байна шүү дээ. Хүний нэг насны амьдралаар тоглочихоод өдий хүртэл яаж амьдарч явж чаддаг байнаа” гэж хэлээд чангаар хашгирсан. Нилээд хатуу үг хэлсэнээ нуух юм алга.
-Дамдинжав гуайг согтуу үнэнээ хэлэхэд танай аав юу гэж байх юм?
-Аав маань юу ч болоогүй юм шиг "миний охин тайван бай, биеэ бодоорой” гэж хэлсэн. Би тэр үед бие давхар байсан. Тэнд байсан бүх хүмүүс Дамдинжав гуайг их зэмлэсэн. Тэр хүн маш их уйлсан. Залуу насандаа хийсэн алдаагаа насан туршдаа бодож шаналж явсан биз дээ. Дамдинжав гуай "Миний буруу. Би хийсэн нүглээ маш их ойлгож гэмшиж байна. Одоо би чиний төлөө бүгдийг хийнэ. Чамайг заавал БНМАУ-ын баатар болгоно. Чи бол баатар болох гавьяа байгуулсан хүн шүү. Хоёулаа Улаанбаатарт 10-р сард уулзаж чиний юмыг хөөцөлдөнө” гэж хэлсэн.
-Тэгээд 10-р сард танай аавын бичиг баримтыг бүрдүүлж өгсөн үү?
-Хожим аав надад бүгдийг ярьсан. Удалгүй 9-р сард Дамдинжав гуай нас барсан. Ротын дарга нь миний аавыг 5 жил ялих шалихгүй юмаар дарамталж байсан юм билээ. Гэхдээ байлдааны чухал материал устгасныг аав мэдсэн байдаг. Салаан дарга нь хэлсэн гэсэн. Дамдинжав гуай нэг өдөр савхин бээлийтэй хуруугаараа "нөхөр минь чи” гээд л аавын нүдийг сохолчих гээд чичлээд байхаар нь хурууг нь мушгичихсан гэсэн. Тэгээд цэргийн хээрийн шүүхээр орж шүүх хурал дээр аав маань: "Би эх орноо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваа жирийн л нэг ахлах түрүүч байна. Ротын дарга а/д Дамдинжав нүдийг минь сохолчих гээд чичлээд байсан юм. Би нүдээ сохлуулчихвал юугаараа эх орноо хайрлан хамгаалж, тэр дайнд ямар гавьяа байгуулах юм бэ?. Би бас онц бөгөөд мэргэн буудагч хүн шүү гэж хэлэхэд шүүх хурал дээр байсан цэргийн нэг том дарга нь "ахлах түрүүч Бямбажав гар” гэж тушаасан гэсэн. Тэгээд л тэр хэрэг юу ч болоогүй өнгөрсөн байгаа юм. Гараад ирэхэд нь салаан дарга дэслэгч Санж "за чи овоо доо, мөн ч оновчтой үг хэллээ” гэж баяр хүргэсэн гэнэлээ. Аавыг "цэргийн сахилга”-д мөн ч олон удаа хийсэн гэдэг. Дайн болохын өмнөхөн захны товчоо товчлоогүй гээд сахилгад хийсэн ч байх шиг. Тэгээд хуягт бригадын дарга хурандаа Нянтайсүрэн нь ротын даргыг дуудаж: "чи мэргэн буудагч Бямбажав шиг буудаж чадахгүй байж, одоо гарга” гэж тушаал өгөөд аав 1 цаг ч болоогүй сахилгаас гарч байсан түүхтэй. Гэхдээ миний аав ямарч хүнд хар буруу санадаггүй, тийм л гэгээлэг сайхан сэтгэлтэй хүн байсан. С.Дампил гуай манай нутгийн хүн (Архангай аймгийн Цэнхэр сум) амьд хэл бариад дээр доороо ороод ноцолдож байх үед нь аав маань очиж туслаад тэр Япон цэргийн дунд тушаалын даргыг хээрийн штабтаа тууж хүргэсэн байдаг. Тэр талаараа "би амьд хэл олзолсон” гэж зөвхөн өөрийгээ төвийлгөн ярьдаг байсан. Аав маань туслаагүй бол хүч тэнцүү хоёр яахыг хэн мэдэх билээ. Ингээд бодохоор Дампил гуай ротын даргатайгаа холбоотой болж таардаг. Ротын дарга а/д Дамдинжав нь хүний чухал бичиг баримт устгахдаа С. Дампил "чи тэр Бямбажавын талаар юу ч битгий дурсаарай” гэж хэлсэн нь тодорхой.
-С.Дампил баатар нэг нутгийн хүмүүс байж юундаа танай аавд дургүйцдэг юм бол доо. Аав чинь Дампил гуайд ямаршуу ханддаг байсан бэ?
-Би аавтайгаа хамгийн сүүлд 1978 онд Дампил гуайнд очиход хөгшин нь нас барсан гээд хоёр хүнтэй архи уучихсан, гэр орон нь бөмбөгдүүлсэн юм шиг айл Сансарын тунелийн урд 1 өрөө байранд байсан. Аавыг хүзүүдэж аваад маш их уйлсан. "Миний найз жинхэнэ эр хүн дээ” гэж хэлж байсан. Аав авч очсон хонины махаа өгөөд л бид хоёр гарсан. Аав маань олон ч удаа энэ айлд ирэхдээ хонины мах өгч байсан. Эгч бид нар Дампил гуайд дургүй байлаа. Учир нь тэр хүн аавын маань талаар нэг ч үг дуугардаггүй явлаа. Аав маань "за яахав дээ, 5 жил цэргийн албанд сайхан найзууд явлаа даа” гэж ярина. Дампил гуай удалгүй өөд болсон доо. Ний нуугүй ярихад дээр нэр дурьдсан хүн чанараа гээсэн хүмүүсээс болж миний аав хохирсон. Соц нийгмийн үед үүнийг нээж дэлгэх боломж байгаагүй. С. Дамдинжав, С. Дампил нар хуучин МАХН-ын гишүүд байсан. Дамдинжав гуай миний аавыг (торгуулийн суман) шиг бүх л юмны түрүүнд тушаал өгч явуулдаг байхдаа үхүүлэхийг л хүсдэг байсан нь илт. Аав маань тушаал болгоныг нь сайн биелүүлж, энэ хүч тэнцвэргүй дайнаас амьд гарсан нь гэгээлэг сайхан сэтгэлтэй, хүний төлөө, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, өргөсөн тангаргаа сайн биелүүлсэн, бусдад сайнаар нөлөөлж чаддаг байсанд л юм. Миний аав: бэлтгэсэн нүх (оков) борооны ус, хүний цусаар дүүрсэн, бүсэлхийнээс дээш ус, цус холилдсон үнэр гэж үмхий, хаашаа л харна шүдээ ярзайлгаад үхсэн Японы хүүрээр дүүрэн тийм л орчинд "нэгийг албал нэчээ, хоёрыг албал хожоо” байсан гэж ярьдагсан. Бас Япончуудыг маш их муу бууддаг гэж байсан. Үүдэн хойморийн хиртээ газраас л байлдаж байсан юм билээ. Нэг Японы ногоон малгай шоволзохоор нь хоёр хуруу доошлуулаад буудсан чинь босоод иржээ. Тэгэхээр нь гайхаад дахиад буудахад навсгас гээд унаж. Гүйж очоод үзсэн чинь эхнийх нь цохонд нь, дараагийнхийг нь зүрхийг нь нэвт буудсан байсан гэнэ лээ. Цохдуулсан хүн босож ирдэг юм байна. Дайны дараа Япончуудаас архи авдар авдраар маш их хэмжээгээр гарсан байдаг. Түрэмгий дайн гэдэг чинь хүний зүрхийг архиар л чангалдаг юм байна гэсэн. Японы бэлтгэсэн хориглолтын тулгуурт байр нь 60 м урт, 20 м өргөн 70000 цэргийн багтаамжтай бетон цутгаж хийсэн лут бэхлэлт байсан гэнэ лээ. Зөвлөлт Монголын улаан армийн дайчид (командлагч Дрожинский)-н командаар тэрхүү бэхлэлт рүү хамтарсан гал нээж 2 цаг болсоны дараа байр нь зад үсэрч дотор нь хоригдож байсан 40000 цэрэг, дарга нар нэг нь ч үлдэлгүй бут ниргүүлсэн юм байх. Аавтай маань хамт тулалдаж байсан Зөвлөлтийн нэгэн мэргэн буудагч манай аавыг маш их сайшааж "хоршоо” гээд л шулганаад эрхий хуруугаа гозойлгоод л байсан гэдэг.
-Танай аав Зөвлөлт Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн байлдаж явсан болохоор Орос улсын талаас авсан гавъяа шагнал бий юу?
-Миний аав Зөвлөлтийн командлагч Дрожинскийгээс маш их сайшаал сонсож, Зөвлөлтийн төрийн тэргүүн ЗХУ-ын дэд маршал И.В.Сталины 976 тоот тушаалаар ялалтын баярын сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан юм. Түүнийгээ Архангай аймгийн музейд өгсөн юм билээ. Дайны дараа маршал X. Чойбалсан дайчдынхаа байгуулсан гавьяаг газар дээр нь үзэж, Японы хийсэн хориглолтын тулгуурт байр, бөөрөнхий тавцантай гүдгэр цементэн гүүр бусад бүх хориглолтыг нүдээр харж маш их өндөр үнэлэлт өгч байсан гэсэн. Дайныг ялалтаар төгсгөхөд Зөвлөлтийн улаан арми гарамгай амжилт үзүүлж, Монголын дайчид тэсвэр хатуужлийн яруу гайхамшгийг харуулсан явдалд анги, нэгтгэл, армийн нийт дайчдад баярлаж байгаагаа илэрхийлж, маршал X.Чойбалсан хэлсэн үгэндээ "энэ аймшигт хүч тэнцвэргүй тулалдаанд гарамгай амжилт гаргасан хурандаа Нянтайсүрэнгийн командалсан мото механикжуулсан хуягт бригадаас БНМАУ-ын баатар 3 төрөн гарсан нь хангалтгүй байна. Өшөө олон баатар энэ ангиас төрөн гарах ёстой. Үүнийг сайн судлаж, дахин нягталж үзээд баатар төрүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэх хэрэгтэй” гэж үүрэг өгсөн юм билээ. Үүнээс хойш М. Жанчив холбооны баяраар "БНМАУ-ын баатар”-аар нэхэн шагнуулж, 1985 онд Халх голын ялалтын 40 жилийн ойгоор салаан дарга Т.Дүүдэй БНМАУ-ын баатар цол хүртэж нийт 5 баатар төрөн гарчээ. Маршал X. Чойбалсан маш олон баатар төрүүл гэж үүрэг өгч байхад ротын дарга нь баатар болох хүний бичиг баримтыг устгаад явах ч гэж дээ. Би бодохдоо манай аав төдийгүй Г.Дашдондог гуай ч БНМАУ-ын баатар болох болзлыг бүрэн хангасан хүн гэж боддог. Аав маань ярихдаа: Г.Дашдондог (Өвөрхангай) баатар болох хүн дээ. Ах, дүү байдаггүй юм болов уу гэж ярьж байсан. Цэл залуухан 20 гаруйхан насандаа эх орныхоо төлөө тулалдаж яваад хорвоогоос халин одсон хүн юм билээ. Би аавынхаа дурсамжинд ороогүй зүйлийг давхардуулахгүй хэлхийг хичээлээ. Би Г.Дашдондог гуайн талаар цухас дурьдлаа. Миний аав биднийг ингэж л хүний төлөө сайхан сэтгэлтэй тусархуу болгож хүмүүжүүлсэн.
-Мөнхтөрөө та өөрийнхөө талаар товч ярина уу?
-1959 онд би Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Бага, дунд сургууль, Улаанбаатар хотод СЭЗТехниккумын банкны ангийг тус тус төгссөн. 1979-1983 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын банкны кассын эрхлэгчээр ажиллаж байгаад 1983-1986 онд МУИС-ийн түргэвчилсэн ня-бо-ын ангийг төгссөн юм. 1986 оноос өнөөг хүртэл Эрдэнэт хотод амьдарч байна. БЦ-ийн 110-р анги, ОСНААГазар, Боловсролын хэлтэст цэцэрлэгүүд хариуцсан ня-бо зэрэг ажил эрхэлж байсан. 1987 онд аав маань яг баатар болох мөчид МАХН-ын гишүүн бус учраас болоогүй. Харамсалтай нь аав маань энэ сайхан цагийг үзэж чадсангүй.
-Та одоо ямар ажил хийж байна. Энэ засгийн газарт итгэл ямаршуу байна.
-Би өрх толгойлсон эмэгтэй. Гараа хумхиад зүгээр суудаггүй, чадлынхаа хирээр зүтгэж л байна. Тэр зээл гэдэг чинь надад л лав олдохгүй юм билээ. Би Ерөнхийлөгч-д маш их итгэл найдвар тавьж байгаа. Тэгээд ч батлан хамгаалах, цэрэг, эх орны талд маш их элэгтэй хүн. Юм хийж байгаа. Би хувьдаа урам хайрлаж, цаашид улам ихийг хийхийг хүсэн ерөөе.
-Үнэн гэж байдаг бол танай аав БНМАУ-ын баатар болох хатан зоригтой жинхэнэ цэрэг эх оронч хүн байжээ. Танай аав шиг олон эх оронч хөдөлмөр зүтгэлээ хожим ч гэсэн үнэлүүлэх болтугай.
-За баярлалаа.
Ё.МАШБАТ
erdenettoday.mn