|

ФОТО: Эрдэнэтийн хүүхэд багачууд МИНИ ДРОМ-той боллоо

zulaa 2015/10/23 2070 225
Орхон цогцолбор сургуулийн дэргэд баригдсан мини дромын нээлт боллоо. Энэхүү дромд аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчид замын хөдөлгөөний хичээл сургуулилтыг хийх боломжтой бөгөөд замын хөдөлгөөний бодит сургуулилтыг хийх энэхүү дром нь аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд анх удаа байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

2014 оны байдлаар манай аймагт нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж хүнд хөнгөн байдлаар гэмтсэн байдаг. Харин 2015 он гарсаар 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ мэтчилэн бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь элбэг байдаг. Ялангуяа манай аймгийн тухайд сүүлийн жилүүдэд автомашины тоо олширч замын хөдөлгөөн эрчимжиж байгаа.

Тиймээс замын цагдаагийн тасгаас 1-5-р ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн гарын авлагыг тараан өгч танхимын сургалтыг зохион байгуулсан. Мөн бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, онолоор үзсэн замын хөдөлгөөний дүрмээ практикт хэрэглэж сурах, бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор мини дром барих ажлыг 2014 оноос эхлүүлсэн.

Тус ажилд орон нутгийн төсвөөс 62 сая төгрөг зарцуулсан бөгөөд Томакс ХХК мини дром барих ажлын гүйцэтгэгчээр ажиллалаа. Замын цагдаагийн тасгаас ерөнхий боловсролын сургууль бүрд мини дром дээр хичээл явуулах сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн сургууль тус бүр хуваарийн дагуу замын хөдөлгөөний хичээл сургуулилтыг тус дромд явуулах боломжтой болж байна.

Мини дром 36:22 метр хэмжээтэй талбайд хийгдсэн бөгөөд 4 замын уулзвар, автобусны буудал, 
замын тэмдэг тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио зэрэг замын хөдөлгөөнд шаардлагатай бүхий л зүйлс багтсан байна. 
Мини дром нь -40 градуст тэсвэртэй материалаар хийгдсэн учраас улирал харгалзахгүй хичээл явагдах бүрэн боломжтой 
бөгөөд тус дромын бүрэн бүтэн байдал, цаашдын ашиглалт хамгаалалтыг Орхон цогцолбор сургууль хариуцан ажиллах юм.

Аймгийн замын цагдаагийн тасаг, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс цаашид бусад сургуулиудад ч мөн мини дром байгуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулна гэдгийг хэлж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top