Шүүгчид цалингаа чамлаж, хэрэв цалин нь буурвал Засгийн хараат болно гэж сүрдүүлж эхэллээ. Ирэх оны Төсвийн тухай хуульд шүүгчдийн цалинг 30 хувиар бууруулна гэснийг эсэргүүцэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ингэж хэлсэн.
Нэг үгээр шүүгчдийн цалин буурчихвал хэн нэгний эрх мэдэлд орно гэсэн үг болох нь ойлгогдохоор ярив. Уг нь шүүх хараат бус ажиллах алтан зарчимтай. Тэд өмнө нь нэг сая төгрөгийн цалинтай ажиллаад болоод л байсан. Гэтэл тэтгэлэг, урамшуулалтайгаа нийлсэн 8-9 сая төгрөгийн цалин нь хоёр сая орчмоор буурахад хорвоо орвонгоороо эргэж, хараат болох талаар Н.Лүндэндорж дарга ярьж эхэллээ. Зүй нь тэрээр шүүгчдийн ёс зүй, нөлөөллийн тухай тэргүүн эгнээнд дуугарах ёстой хүмүүсийн нэг. Гэтэл зөвхөн санхүүгийн эрх чөлөөний тухай л ярих боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүгчдийг ч ийм арга барилдаа "уриалсаар” байдаг ажээ.
Тэрээр яг л өвлийн өвгөн шиг аашилж өөрийгөө "Төсвийн эрх захирагч”-аар өргөмжлөн мөнгийг урсгаж байна. Нэг жилийн дотор гурван удаа тушаал гарган ажилтнууддаа орон сууцны дэмжлэг үзүүлэх нэрээр 1.5 тэрбум орчим төгрөг зарлагаджээ. 2013 оны наймдугаар сарын 2-нд 995 сая төгрөг, 2014 оны тавдугаар сарын 20-нд 370 сая төгрөг зарцуулах тушаал гаргажээ. Хоёр сар гаруйхны дараа дахиад л ажилтнууддаа орон сууц ав гэж 205 сая төгрөг шууд олгожээ. Сардаа 8-9 сая төгрөг, урамшуулалгүйг нь бодвол 3.7-4.5 сая төгрөгийн цалинтай шүүгчид 5-15 сая төгрөгийг байр ав гэж өгчээ. Энэ бол Монголд төрийн битгий хэл хувийн хэвшилд ч байхгүй их шан харамж. ШЕЗ өвлийн өвгөн биш.
Б.Энх
Зууны мэдээ