|

АЗЗА-ын компаниудын үйл ажиллагаа муу байгаагаас осол, аваар их гарч байна

saikhnaa 2015/11/20 547 0
Улсын хэмжээнд зарим газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал жолооч, тээвэрчид төдийгүй иргэдийн хэвийн зорчих нөхцөлийг хангаагүйгээс осол ихээр гарч байна. Өнгөрөгч оны байдлаар улсын хэмжээнд 41797 зам тээврийн осол бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг 2143 гэмт хэргийн улмаас 423 хүн амь насаа алджээ. 12823 хүн гэмтэж, иргэд байгууллагад найман тэрбум гаруй төгрөгийн эд материалын хохирол учирсан аж.

Үүнээс хөдөө орон нутагт нийт ослын 8.7 хувь гарсан ба гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 306 буюу 72.4 хувь, гэмтсэн хүний тоо 556 буюу 43.3 хувь нь бүртгэгдсэн байна.Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд гарч байгаа нийт зам тээврийн ослын маш бага буюу 10 хүрэхгүй хувийг орон нутагт гарч буй осол эзэлдэг. Гэвч ослоос үүдэн гарах хор хохирол болох нас барсан гурван хүн тутмын хоёр нь, гэмтсэн хоёр хүн тутмын нэг нь орон нутагт гарсан ослоос шалтгаалж байгаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Орон нутагт гарч байгаа осол хэргийн шалтгаан нөхцөл нь, 56.8 хувь нь мөргөлдөх, 17.5 хувь нь онхолдох, 11.1 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх, 10.7 хувь нь явган зорчигч дайрах, хэлбэрээр үйлдэгдсэн аж.Ард иргэд бүрэн бус мотоцикль согтуугаар жолоодож явахад осол гаргах тохиолдол их.

Автомашинаараа зорчиж яваад осолд орсон хүмүүсийн дөнгөж 3.9 хувь нь хамгаалах бүсээ хэрэглэж явсан байдаг бол нас барахад хүргэсэн гэмтлийн дийлэнх буюу 70 гаруй хувь хамгаалах бүс зүүлгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос үүсдэг байна.Түүнчлэн замын эвдрэлтэй холбоотойгоор нэлээдгүй осол гардаг ба үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс өнгөрсөн жил орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай замуудад судалгаа хийж, эвдрэл гэмтлийг нь тогтоон Зам тээврийн яаманд хүргүүлсэн. Тодруулбал, 31 автозамыг шалгаж, замын хар цэг буруу баригдсан, эргэлтийн радиус буруу, тэмдэг тэмдэглэгээ буруу тэмдэглэгдсэн газруудыг зургаар баримтжуулан холбогдох газруудад өгсөн.

Эдгээр замд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Архангай аймгууд болон Налайх, Багануур дүүрэг гээд зам тээврийн осол нэлээн гардаг замууд оржээ. Автозамыг анх баригдаад ашиглалтад ороход хүлээж авсан байгууллага нь сайн хянаж, шалгаж аваагүйгээс, буруу баригдсан зам дээр осол аваар гарсаар байгаа юм. Албаны хүмүүсийн мэдээллээр орон нутгийн замд осол гарах шалтгаан нөхцөлийн томоохон хүчин зүйл нь авто замын засвар арчлалтаас үүдэлтэй гэдгийг ч хэлж байгаа юм.

Гэтэл эдгээр компаниуд жил бүр улсаас багагүй мөнгө авдаг. Харин үүнийгээ юунд зарцуулдаг эсэх тайлангаа нэг их дэлгэдэггүй. Авто замын арчлалттай холбоотой иргэд санал гомдлоо хэлэхэд төсвийн байгууллага учраас хөрөнгө мөнгө муутай, сүүлийн хэдэн жил өч төчнөөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа гэхээс өөр зүйл ярьдаггүй эдгээ компаниудад тавих хяналтыг сайжруулж, хариуцлагыг нь нэмэгдүүлэх цаг нэгэнт болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top