Жаргалант сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Малчин багийг Жаргалант сумын Дулаан-Уул багтай нэгтгэх нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцжээ. Энэ хүрээнд дээрх асуудлыг 12-р сард хуралдах аймгийн иргэдийн хурлаар оруулахаар төлөвлөсөн байна. Малчин баг нь 500 гаруй иргэн, 260 орчим өрхтэй юм. 2014 оны 10-р сарын 1-нд Малчин багийг Жаргалант сумруу шилжүүлсэн байдаг.
Энэ нэг жилийн хугацаанд малчин багийн иргэд Жаргалант сумруу шилжүүлгээ хийлгээгүйн улмаас иргэний хаягийн зөрчил байгаа юм. Малчин багийг Дулаан-Уул багтай нэгтгэх хэд хэдэн шалтгаан байна гэж үзсэн байна.
Үүнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа Малчин багийн иргэд цөөн, тус сум нь газар нутаг бага учраас шинээр суурьшлын бүс үүсгэх боломжгүй, мөн төсөв мөнгө тусгагдаагүй гэсэн асуудал үүссэн байна. Малчин багийн нийт иргэдийн 40-өөд хувь нь Баян-Өндөр суманд амьдарч байгаа бол үлдсэн хэсэг нь бусад аймаг сумдад амьдарч байна.
Тодруулбал одоогийн байдлаар Малчин багийн 118 иргэн Жаргалант суманд албан ёсоор шилжиж ирсэн бол бусад иргэд хаягийн зөрчилтэй байгаа юм. Түүнчлэн Жаргалант сумын хэмжээнд санал асуулга явуулахад Малчин багийг Дулаан- Уул багтаа нийлүүлэх нь зүйтэй гэсэн санал гарсан гэж байна.