|

Ерөнхийлөгчийн худал үг Ардчилалын үнэн нүүр царайг тодотгосон уу?

magnai 2015/11/26 685 0

Ерөнхийлөгчийн худал үг Ардчилалын үнэн нүүр царайг тодотгосон уу?

 

Монголын анхны ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Цензүргүй яриа” нэвтрүүлгээр улаан цайм худлаа ярьжээ. "Цензүргүй яриа”  нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Мөнхбаясгалангийн "Монгол Улсад их хэмжээний татвар төлөөгүй гадаадын  иргэнд Ерөнхийлөгч та уучлал үзүүлжээ. Тэгвэл урт нэртэй хуулийг эсэргүүцэж, газар нутаг, уул усныхаа төлөө тэмцсэн Ц.Мөнхбаярт яагаад уучлал үзүүлэхгүй байна вэ” гэсэн асуултад ардчилсан Ерөнхийлөгч маань том бүдэрчээ. Тухайн үед Төрийн ордон руу буудсан хэргээр ял авсан Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчийн хэлснийг өргөст торны цаанаас сонсоод голдоо ортол гомдсон гэнэ. Тэрбээр өнөөдөр Өршөөлийн хуулийн буянаар суллагдаж, өөрийн хэлэх гэснээ мөн л "Цензүргүй яриа”-аар олонд дэлгэлээ. Ц.Мөнхбаяр өөрөө уучлал хүссэн өргөдөл өгөөгүй, ялтан өөрийн гараар өргөдөл бичиж өгөх ёстой гэж хэлсэн Ерөнхийлөгч ёстой зална гээч нь болж. Ц.Мөнхбаяр өөрийн гараар гурван ч удаа өргөдөл өгснөө он, сар өдөртэй нь харуулж үүнийг гэрчилсэн юм. Гэхдээ мэдээж Ерөнхийлөгчийн туслахуудын зүгээс Ц.Мөнхбаяр уучлал үзүүлэх асуудлаар хуулийн шаардлага хангасан өргөдөл гаргаагүй гэх мэтээр ярьж байгаа.

 

Гэвч  Ардчилалын алтан хараацай, 25 жил Монголд ардчилалыг хөгжүүлэх их үйлсэд манлайлан явсан Ерөнхийлөгч маань ийм худалч хүн гэж үү гэх олон нийт төдий л цөөн биш байгаа юм. Шударга байцгаахыг уриалдаг түүний амнаас үг, үйлдлийн зөрүүтэй үгс урсан байх нь Монголын ардчилалд чухам юу тулгараад байгааг харж болохоор болж гэж учир мэдэх хүмүүс ч хэлж байх юм.  

АН-ын дарга асан Н.Алтанхуяг "Зарчим, байр суурь, үнэт зүйлдээ үнэнч үлдэхийн тулд ажлаа өглөө” хэмээн хэлж байлаа. Тэрбээр намын даргынхаа суудлаас сайн дураараа буухдаа ийн хэлсэн. Түүний хэлсэн ганц өгүүлбэрээс өнөөдрийн ардчилалынхны үнэн бодит нүүр царай тодорхой харагдана. Өөрсдийгөө ардчилагчид хэмээн өргөмжилдөг эрхмүүд өнөөдөр жинхэнэ ардчилалын үнэт зүйлээ уландаа гишгэж эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө үхэн хатан тэмцэлдэх болсныг намын дарга асан нь тодорхой хэлчихэв.

 

Өрөм дотроосоо өтдөг гэдэг. Монголын ардчилал утгаа алдаж, дарангуйлал болон хувирч байгааг тэд өөрсдөө, дотроосоо хэлээд эхэлчихлээ. Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж эрх чөлөөний төлөө тэмцэж явсан анхны 13-ын нэг Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчинД.Сосорбарам "Ардчилсан нам авилга хоёр их найзууд болжээ. Бид ийм ардчиллын төлөө яваагүй. Хүмүүсийнхээ эрх чөлөөг хамгаалдаг, өмчийг нь хамгаалдаг төртэй байхын оронд юм бүхэнрүү нь хутгалдаж булаадаг төртэй болж байна. Эрх чөлөөг авчирсан АН өөрөө эрх чөлөөг нураах гээд байна” гэж хэлэв. Тэгэхээр ардчилалд аюул учруулаад байгаа, боож алахаар улайрагсад нь ардчилагчид өөрсдөө. 25 жилийн өмнө ардчилал гэсэн том лоозон барьж гар, гараа барин хонхны дууг дуулж байсан залуусын манлайлал өнөөдрийн ардчилалыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн цэцэглүүлж, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ нүд нь сохроод, ард түмнээс хулгайлсан хөрөнгөндөө ам тагларчихсан байгааг өөрсдийнх нь хэлснээс бэлхнээ харж болно.  

Өөрсдийгөө ардчилагчид хэмээн өргөмжилдөг эрхмүүд өнөөдөр жинхэнэ ардчилалын үнэт зүйлээ уландаа гишгэж эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө үхэн хатан тэмцэлдэх болсон.

Ардчилал дарангуйлал болон хувирч, эрх мэдэлтнүүд эрээ цээргүй болж байгааг хаант засагтай зүйрлэж болно. Хуулийг өөрсөддөө тааруулж өөрчилж, цагдаа хүчний байгууллагыг гарынхаа үзүүрээр хөдөлгөж, АТГ гэх хар мангасыг бий болгоод өрсөлдөгчөө залхаан цээрлүүлэх арга хэрэгслээ болгож чадаж байгаа юм чинь хаант засагтай зүйрлэхгүй байхын аргагүй.

 

АН олонхи болоход ард түмэн өнөөх ардчилал гээч нь одоо л утгаараа бий болох нь гэж найдсан. Гэтэл үгүй байж. АН-ынханы төр барьсан өнгөрсөн хугацаанд ардчилалын жинхэнэ дайснуудын үнэн нүүр царай улам тодорсон өдрүүд боллоо. Тэдний Засаг барьж тоглосон хэдэн жил цөөн  хэдэн хүний эрх мэдэл хэрээс хэтэрч, барьж хорьсон, айлгаж ичээсэн, өрөнд баригдаж өтөнд идэгдсэн тийм л өдрүүд өнгөрч.

 

Одоо тэд бусдыг биш өөрсөд дотроосоо хүртэл залхаан цээрлүүлээд эхэлчихсэн. Учир нь ардчилал нэг биш байгааг зарим нэг нь ойлгож, замын дундаас зангаа буруулж эхэлсэнтэй холбоотой. Үүний ганц жишээ нь УИХ-ын гишүүн Х.Баттулга. Тэр өнөөдөр Тавантолгойг, түүнтэй холбогдох төмөр замыг эрх мэдэлтнүүд харийнхад өгөхөөр улайрч байгааг байнга ярих болсон. Тиймээс ч түүнийг АТГ-аас оролдож, туслах нь байсан Б.Батзаяаг сануулга болгон баривчилсан. Энэ үйл явдлын тайлбарыг Х.Баттулга "Тавантолгойн ордыг төмөр замын хамт луйврын гэрээгээр авах зорилготой улс төр, эдийн засгийн бүлэглэлийн сүүлчийн улайрсан дайралт болж байна. Тэд хүслээ хангахын тулд төрийн эрх мэдлийг ашиглаж байна. Энэ хүмүүсийг "Нүүрсчин нам” гэж улс төрийн хүрээнд нэрлээд байгаа” гэсэн хатуухан үгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах болов. ТүүнийТавантолгойг харийнханд өгөхөөр улайрч байгаа эрх мэдэлтнүүд гэж цоллож байгаа хүмүүс дотор АН-ынхан бий. Тэр үүнийг их итгэлтэй ярьдаг. Одоо болоод байгаа барьж хорьсон, айлгаж, сүрдүүлсэн үйл ажиллагаа үнэндээ авлигын эсрэг биш эрх мэдэл, байгалийн баялагтай холбоотой дайн гэдгийг Х.Баттулга тэргүүтэн баталж байна. Тэгэхээр Монголын ардчилал утгаараа дарангуйлал болчихсон байгааг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.


Ардчилал дарангуйлал болсны хамгийн сүүлийн жишээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал. Нам бүрээс төлөөлөлтэй ажлын хэсэгт одоо бараг л АН-ынхан л үлдсэн. Бусад намын төлөөлөл аль хэдийнэ үзэл бодлоо илэрхийлээд нэрээ татчихсан. Үндсэн хуулинд гар дүрэгсэд өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн нэмэлт өөрчлөлтийг хийхээр ил цагаан улайрч байгааг ажлын хэсгийнхэн шууд л хэлсэн. Гэсэн ч энэ хуулинд өөрчлөлт оруулна. 2016 он гарахаас өмнө энэ ажлыг дуусгана гэдгийг төрийн өндөрлөгүүд хэлнэ лээ. Тийм боломж бололцоог ямар нэгэн аргаар бий болгоно гэдгээ ч ярьсан. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг болсон ч бүлэглэлд зориулсан байх ёсгүйг судлаачид хэлж байгаа. Тэгэхээр АН-ын санаархал биелэлээ олж УИХ 99 гишүүнтэй болж, таван жилээр суугаад, олонхи нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа сонгоод эхэлчихвэл Монголын ардчилал үндсэндээ нуран унаж, дарангуйлал жинхэнэ утгаараа оршин тогтнож эхэлнэ.

Д.Дуулим

24tag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top