Сүүлийн жилүүдэд эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах тохиолдол өсөх хандлагатай байгаа гэнэ. 2014 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн нийт хэргийн 5-7 хувь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Харин манай аймгийн хувьд энэ он гарсаар 28 хүнд холбогдох 12 хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Үүнээс үүдэж хэрэг шийдвэрлэлт удааширч байгаа тул Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг асуудалтай холбоотой сургалтыг шүүгч нарын дунд зохион байгуулж байна. Сургалт бүсчилсэн хэлбэрээр явагдах бөгөөд төвийн бүсийн сургалт манай аймагт явагдлаа. Үүнд Булган, Хөвсгөл, Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүгчид оролцлоо.
Нэмэлт мөрдөн байцаалтаас гадна хэрэг шийдвэрлэлт удааширхад нөлөөлдөг хүчин зүйл нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргаан гэж үздэг. Тиймээс дээрх сургалтад хамрагдаж буй шүүгч нарт нотлох баримт, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх арга зүйн талаарх мэдлэгийг өглөө. Мөн албан тушаалын болон цахим гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр эрүүгийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдэд Эрүүгийн эрх зүйн сургалтыг зохион байгуулдаг.