|

ТҮҮХЭН БАРИМТУУД ХАДГАЛАГДДАГ АРХИВТ УСТАХ АЮУЛ НҮҮРЛЭЛЭЭ

saikhnaa 2015/12/04 687 0

Хүн төрөлхтний түүхийн нэг хэсэг Монгол үндэстний сүүлийн 500 гаруй жилийн түүхийг агуулсан Үндэсний архивын баримт бичигт аюул учрах эрсдэл нүүрлэлээ.

Монгол Улсын "Архивын тухай” хуульд "Архивын аюулгүй байдлын баталгаа” гэсэн ойлголт бий. Гэвч түүхэндээ "хоноц”-ын сэтгэлээр ханддаг эрх мэдэлтэй хүмүүсийн харлган бодлогын уршгаар нөхөж баршгүй хохирол амсч болох нөхцөл байдал үүсээд байна.

Учир нь Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 14- ний өдрийн 366 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн А/263 дугаар тушаалыг үндэслэн Архивын ерөнхий газрын даргын 2015 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн А/159 дугаар тушаалын дагуу нүүлгэн шилжүүлэлтийг хийхээр болоод байгаа юм. Уг нь Архивын еренхий газрын шинэ цогцолбор барилгын гүйцэтгэлийн ажил 2013 оноос хойш тодорхой шалтгаануудын улмаас зогсоод байсан юм. Харин энэ оны есдүгээр сард Хууль зүйн сайдын тушаалаар барилгын ажлыг дахин үргэлжлүүлэн ийнхүү энэ сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Иймээс "Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд байрлах шинэ цогцолбор байр руу нүүхээр болж байна.

Энэ ч утгаараа Үндэсний төв архив өнгөрсөн долоо хоногоос эхлэн олон нийтэд зориулсан үйлчилгээгээ гурван сарын хугацаагаар албан ёсоор зогсоосон. Уг нь шинэ байр нь Монгол Улсын түүх, соёлын архивын баримт, биет үзмэр, бүтээл хадгалах архивын газар нь олон улсын стандартад нийцсэн, оффис, хадгаламжийн сан, лаборатори, нийтийн зориулалт бүхий 16,700 m2 зориулалтын байртай юм билээ. Гэвч шинэ
барилга нь бүрэн дуусаагүй. Тэр ч байтугай тухайн байранд хадгалалтын зориулалтын шүүгээ бэлдэж суурилуулаагүй учраас хоосон талбайд архивын материалуудыг түр хугацаанд овоолж тавихаар төлөвлөсөн байна. Шинэ тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгө шийдэгдсэн хэдий ч сонгон шалгаруулалт, худалдан авалт,  суурилалуулалт зэрэгт хамгийн багадаа 3-4 cap зарцуулах нь дамжиггүй. Тиймээс баримт ашигладаг түүхч судлаачид, лавлагаа авдаг иргэдийг хэдэн сараар хүлээлгэж, чирэгдүүлэхийг одоогоор хэн ч таашгүй.

Энэ хугацаанд тухайн архивт хадгалагдаж буй баримтууд устаж үгүй болох магадлал ч өндөр. Байг гэхэд стандартын шаардлага хангахааргүй газар байршуулан, овоолж хадгалах нь монголчуудын түүхийг үгүй хийх суурийг тавьж байна гэхээс өөр хэлэх үг алга. Учир нь үндэсний түүхэнд холбогдох хуучны цаасан дээр бичигдсэн бичиг баримтуудыг дүн өвлийн хүйтнээр шилжүүлэхээр болчихоод байна. Энэ нь баримт бичиг хадгалалтын наад захын заавар, журмыг зөрчиж архивын баримт бичгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Архивын баримт бичиг хадгалалтын талаар олон улсын хэмжээнд мөрдөгддөг жишиг стандарт, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа баримт бичгүүд "Төрийн архивын ажлын үндсэн заавар -т цаасан суурьтай баримтыг нэмэх 14-16 хэмийн дулаан, 50-55 хувийн чийгшилтэй орчинд хадгалах талаар тодорхой дурьдсан байдаг. Нүүх шаардлагатай боллоо гэдгээ л улиг болгон хэлээд байгаа боловч дээрх шаардлагыг хэрхэн бүрдүүлж байгаа талаар тайлбарлаж чадахгүй, хүсэх ч үгүй байгаад л учир байна. Соёлын тухай хуулиар архивын баримт бичиг нь "соёлын биет өв”-д хамаарагддаг. Хуулийн дагуу аливаа биет өвийг "хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасан”-ы үндсэн дээр зөөж тээвэрлэх талаар цагаан дээр хараар бичсэн байхыг бэлхнээ харж болно.

Өнөөдрийн байрлаж буй хотын төв дэх Үндэсний төв архивын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдсан. Тиймээс газрын "шинэ эзэн” болсон "Таван богд” ХХК-ийн зүгээс байраа чөлөөлж өгөхийг байнга шаардан ажил хийлгэхгүй байна гэсэн тайлбарыг албаны эх сурвалжууд өгч байна. Мэдээж мөнгөө төлсөн худалдан авагчид нэхэх эрхтэй. Түүнийг нь ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тиймээс л дутуу баригдаж, тоноглогдсон байр луугаа нүүхийн тулд архивын байгууллагын ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд тусгайлан багцалж тээвэрлэх буюу 16.700 хайрцаг, 37.500 уут архивын баримтыг нүүлгэх шаардлагатай болчихоод байгаа. Мэдээж үүний тулд тодорхой хэмжээгээр харуул, хамгаалалтын дор нүүлгэх талаар ч яригдсан байдаг. Үүнтэй зэрэгцэн Архивын ерөнхий газраас яам, агентлаг, хууль хяналтын байгууллагууд болон хамтран ажиллагч 60 гаруй байгууллагад архивын үйл ажиллагааг түр зогсоох тухай албан бичиг хүргүүлжээ. Үүнийг нь тухайн байгууллагууд зөвөөр хүлээж авч буй эсэхийг бүү мэд.

Учир нь аливаа албан байгууллагууд иргэдийг Архивын ерөнхий газраас лавлагаа авч ир гэдэг асуудлыг байнга шахам тавьдаг энэ тохиолдолд олон нийт, энгийн иргэд дунд нь хохирч үлдэх нөхцөл ч бий болчихоод байгаа юм. Түүнчлэн илүү цагаар ажиллаж байгаа тус газрын ажилтнууд хотын захад орших баригдаж дуусаагүй барилгад шилжин очиж ажиллах орчин, аюулгүй байдлын талаар ч анхаарал хандуулах нь зайлшгүй асуудал. Уг нь Архивын ерөнхий газрыг ийн бүрэн дуусаагүй барилга руу өвлийн хүйтэнд яарч, сандран нүүлгэж үндэсний ой санамж, аюулгүй байдал болсон архивын баримтын хувь заяа аль нэгэн хувийн компаний эрх ашгаас жижиг байна гэж баймааргүйсэн. Тиймээс үндэсний ой санамжийг арчих сонирхол хэн нэгэнд гарч гэж хардах нөхцөл  үүсч байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авна биз ээ.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

top