Дахиад л газрын хууль бус захирамж. Тодруулбал, албан тушаалтнуудын газартай холбоотой асуудлыг энэ удаад Дорнод аймгийн удирдлагууд үргэлжүүлж байх шиг байна. Ийн хэлэхийн учир нь тус аймгийн Засаг даргаар томилогдоод нэг жилийн нүүрийг үзэж буй эмч мэргэжилтэй С.Ганбат зөвлөх Г.Болдбаатарын хамтаар газрын асуудалд нэр нь холбогдож аймгийнхаа ИТХ-ын нөхөд нэлээдгүй шүүмжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байсан.
Тодруулбал Засаг дарга С.Ганбат өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-ны
өдөр А/485 дугаар захирамж гаргаж аймгийнхаа мэргэжлийн хяналтын өмчлөлд
байсан 2400м2 газрыг нэгэн хувийн компанид эзэмшүүлэх захирамж гаргасан
нь өдгөө баримт болон үлджээ. Хамгийн гол нь дээрх газрыг авсан
компанийнх нь захирал Б.Түшиг гэгч нь Г.Болдбаатар зөвлөхийн хүү байсанд
хамаг учир оршиж буй юм гэнэ. Уг нь энэхүү 2400 м2 газарт өмнө нь
мэргэжлийн хяналтынхан албаны барилга, лаборатори, ажилчдын орон сууц
барихаар авч байсан аж. Гэтэл гэнэт л хувийн барилгын компанийн мэдэлд
энэхүү газар шилжсэн нь ИТХ-ийн нүдийг орой дээр нь гаргаж энэ асуудлаа
тайлбарла гэж Засаг ноёнтноос шаардсан ч өнөөг хүртэл хариу өгөхгүй
явсаар байгаа ажээ.
Түүнчлэн тэд ямар гэрээ хэлцэл хийж уг газрыг хувийн компанид
эзэмшүүлэх захирамж гаргав гэж хайгаад үзтэл С.Ганбат даргын гарын
үсэгтэй газар эзэмших захирамж аль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсныг
олж мэджээ. Мэдээж уг газрыг эзэмшихийн тулд С.Ганбатын гарын үсгээр
шийдэгдэх нь дамжиггүй. Түүнчлэн асуудлын бас нэг гол учир нь С.Ганбат
дарга зөвлөх гэгдэх Г.Болдбаатартайгаа баз хүргэн гэдгийг Дорнодчууд
бүгд мэддэг аж.
Тиймээс л эрх мэдэл албан тушаалаа ашиглан төрийн байгууллагын нэр дээр
харьяалагддаг энэхүү газрыг авахад тэдэнд ямар ч саад тотгор гарч
байгаагүй нь энэ аж. Тухайлбал, С.Ганбат даргын А/485 дугаар захирамжаар
ийнхүү газар олголт хийгдсэн байдаг юм. "Нэгдүгээрт нь: Хэрлэн сумын
долоодугаар багийн нутаг дэвсгэрт орших "Түшнээ” ХХК-ийн зүүн талд албан
контор, ажилчдын орон сууц барих 2400 м2 газар эзэмшигч аймгийн
Мэргэжлийн хяналтын газар /РД9031529/ -ийн газар эзэмших эрхийг "Тод
сүндэрэл” ХХК-д /РД3374858/-д орон сууцны зориулалтаар шилжүүлэн
эзэмшүүлсүгэй.
Хоёрдугаарт нь: Энэхүү захирамж гарсантай холбоотойгоор аймгийн Засаг
даргын 2013 оны А/331 дүгээр захирамж, газар эзэмших эрхийг 300434213
дугаартай гэрчилгээг тус тус хүчингүйд тооцсугай. Гуравдугаарт нь: "Тод
сүндэрэл” ХХК-д эзэмшил газрын хэмжээ, байршил зэргийг тогтоон өгч,
газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээг олгох, улсын бүртгэлд бүртгэх
ажлыг зохион байгуулахыг аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазарт зөвшөөрсүгэй. Дөрөвдүгээрт нь:
Газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж газрыг зориулалтын
дагуу эзэмших, газрын төлбөрийг хуулийн хугацаанд бүрэн барагдуулж
байхыг "Тод сүндэрэл”ХХК-ийн захирал Б.Түшигт үүрэг болгосугай” гэсэн
С.Ганбат даргын захирамж байна. Энэхүү захирамж аль өнгөрсөн оны
дөрөвдүгээр сард гарсан байтал ийнхүү өнөөг хүртэл нууцлаж байсан нь
төрийн албыг төрлийн алба болгож хэрхэн хуулийг гууль болгодог нэг жишээ
нь энэхүү газрын асуудал юм.
Мөн энэхүү газар аймгийн Мэргэжлийн хяналтынхан өөрсдийн ажилчдын орон
сууц төдийгүй албаны зориулалтаар оффисс, лаборатори барих ёстой атал
юунд өнөөдрийг хүртэл хэл ам хийлгүй дуугуй байна вэ гэдэг нь ч
хачирхалтай. Уг нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийднэ хэмээн дээрх
газрыг тухайн үеийн Засаг даргаас авч байсан гэсэн. Гэтэл албаны мэдэлд
байх ёстой газар хувийн компанийн мэдэлд шилжээд зогсохгүй орон сууц
барихаар зэхэж байхад яагаад амандаа ус балгасан мэт байгаа нь өөрийн
эрхгүй анхаарал татаж буй юм.
Бидний олж мэдсэнээр энэхүү газрын асуудлын ар талд тус аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Ц.Баярхүү гэгч эрхмийг ямар нэгэн сэжмээр дээрх нөхөдтэй холбогдсон байж магадгүй хэмээн олон хүн хардаж байгаа юм билээ. Товчхондоо ямар тохироо хийгдээд төрийн байгууллагын газар эрх мэдэлтнүүдийн гарт шилжих болов гэдгийг ч холбогдох албаныхан шалгаад үзэхэд гэмгүй л болов уу. Яг үнэндээ жирийн иргэдэд алга дарам газрын булан ч олдохгүй байхад төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа нөхдүүд ийнхүү хууль бусаар газар "дээрэмдэн” авах захирамж гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй л болов уу. Юутай ч аав хүү, базуудтай холбоотой газрын асуудал нэлээд хэл ам таталж, дээдсүүдийн чихэнд хүрэх болсон байна.
Эх сурвалж: