Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр. Цаазаар авах нь багадна л гэнэ, бушуухан үгүй хийх хэрэгтэй л гэнэ, цусыг нь үзэж байж санаа амарна л гэнэ. Элбэгдоржийг муулах шагналт уралдаан зарлачихсан юм шиг, түүнд бүх нийтээрээ оролцон бай шанг нь уралцан булаацалдаж байгаа юм шиг...
Орвэлийн "1984” зохиолд ийм нийгмийн тухай гардаг. Иргэд нь тодорхой цагийн хуваарийн дагуу "нам засгаа магтан дуулах” хайрын цуглаан, "дайснаа жигших” үзэн ядах цуглаантай. Иргэд бүгд үүнд оролцох үүрэгтэй, эс тэгвээс өөрийг нь үзэн ядна. Монголд ирж үзээгүй Орвэл манай Монголын 1984 оны амьдралыг үзмэрч шиг тольдсон байлаа. Бид олон ч хүнийг үзэн ядах цуглаанаар дамжуулан жигшсэн. Гучаад оны Гэндэн, Дэмид, Амар нарыг больё гэхэд Лоохууз, Ширэндэв, Чойном, Ренчин, Дамдинсүрэн гээд л эх орныхоо сор болсон хөвгүүдийг мөн ч их жигшин зэвүүцсэн дээ. Яагаад гэнэт тэднийг үзэн ядах болсноо бид өөрснөө ч ойлгодоггүй байсан. Нэг өглөө босоод ирэхэд л тэд муу хүмүүс шүү хараагаад байгаарай гэсэн даалгавар ирнэ, бид ч идэвхитэй гэж жигтэйхэн шонхор адил шуугин дайрна. Биднийг ийм юмаар л хооллодог байж. Улай үзсэн тас аятай Монголчууд нам засгаар сүхдүүлсэн хөвгүүдийн сэг рүү үхэхээ мэдэхгүй уралдан дайрч тасар татацгаана. Жигшмээр, өрөвмөөр, үзэн ядмаар...
Энэ жигшүүрт нийгмийг халахад Элбэгдоржийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Хүмүүс өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх эрхийг Элбэгдорж ба түүний нөхөд Монголчуудад авчирч өгсөн юм. Өөрийн гэх бүх юмыг нь хүмүүсээс хурааж авчихаад байсныг нь Элбэгдорж тэдэнд эргүүлж олж өгсөн. Эрх чөлөө бол хувь хүнд байгалиас эсвэл Бурханаас заяагдсан эд. Үүнийгээ монголчууд дарангуйллын системд алдчихаад хэдэн үеийг өнгөрөөсөн. Эрх чөлөөг бүрдүүлэгч өмчлөх, үг хэлэх, сэтгэн бодох, зорчин явах, хөдөлмөрлөх бүх эрх бусдын гарт байлаа. Хүмүүс өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэн зохицуулна гэдэг Бурханаас хүнд өгсөн харицлага, эрх чөлөө, хувь төөрөг. Энэ булаагдсан эрхийг эргүүлж авчирсан Элбэгдоржийг гал хулгайлан хүмүүст авчирж өгсөн Промэтэйтэй зүйрлэм. Харин гал олж авсан хүмүүс одоо Элбэгдоржийг цовдолчихоод авчирсан галаар нь шарж түлж тарчлаан өрөвдөм муу бахаа хангана...
Хүн гэгч өөрөө тэр байгалиас зачагдсан эрх чөлөөг эдэлж, эрх чөлөөтэй байж чаддаг оршихуй мөн үү гэдэг хамгийн их сонирхол татсан асуудал юм шиг ?!
"Ардчиллын явах зам их урт. Ардчиллаас холдох зам маш богинохон." Ц.Элбэгдорж