|

2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуулиуд

saikhnaa 2015/12/29 864 0

2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хуулиуд

 

Шинэ он гарах хоёрхон өдөр үлдлээ. Тэгвэл шинэ онд буюу 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс дараах хуулиуд дагаж мөрдөнө. Тодруулбал, ердөө хоёр өдрийн дараагаас жолооч нар зөрчлийн оноогоо тооцуулж, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж, иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болох хэд хэдэн хуулиуд хэрэгжих юм. Ингээд тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе.

 

 

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлнэ

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан хуулиудын нэг нь "Хүүхэд харах үйлчилгээний тухай” юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр гэртээ цоожлогдон үлддэг хүүхдийн тоо буурч, цэцэрлэгүүдийн ачаалал багасч, орлоготой иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл үр хүүхдээ гэртээ харж суудаг аав, ээжүүд хуулийн дагуу хүүхдээ харж, давхар орлоготой болох боломжтой юм. Гэхдээ 18-65 насны, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой. Мөн "Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх”-ийн тулд салбар буюу БСШУ-ы яамнаас зохион байгуулж буй тусгай сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах шаардлагатай. Дээрх шаардлагуудыг хангавал гэртээ таван хүүхэд хараад байх боломжтой. Түүнчлэн төсвөөс cap бүр нэг хүүхдэд 116 мянган төгрөг олгоно гэж заасан.

Таван хүүхэд харсан тохиолдолд улсаас 560 мянган төгрөг авна гэсэн үг. Мэдээж хүүхдээ харуулж байгаа эцэг, эхээс төсвөөс авдаг мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй хэмжээний төлбөр авна. Энэ нь ойролцоогоор 60000 төгрөг. Ингээд хүний, өөрийн таван хүүхэд гэртээ харсан хүн сардаа 860 мянган төгрөгний орлоготой болох боломж бий болно. Харин хоёр багш арван хүүхэд, гурван багш нийлээд түрээсийн байранд 15 хүүхэд харах боломжтой гэж заасан байгаа.

Мөн хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй хамруулах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр гэрийн гадаад орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Мөн тухайн байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагатай зэргийг хуульд заасан байгаа. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой. Зуух яндан, халаалтын хэрэгсэлд хүүхэд ойртохгүй байхаар хаалт хийсэн байхыг мөн шаарджээ.

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байр, гэрт өөр хүмүүс амьдрах эрхгүй. Багш, хүүхдийн эцэг эх, харгалзах хүмүүсээс өөр гадны хүн тэнд орох ёсгүй. Мөн шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэх, хүүхдийг өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулах зэргийг хориглосон. Харин байр бүрт камер суурилуулах боломжгүй учраас эцэг эх, асран хамгаалагч нь багшийг хянах аж. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцно хэмээн заасан байгаа.

Жолооч нар зөрчлийн оноогоо тооцуулна

Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан. Гэхдээ зөрчлийн оноог шинэ оны эхний өдрөөс тооцож хасалт хийнэ. Жолооч нар зөрчлийн ерөнхий 10 оноотой. Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноог хасах зарчмаар явна. Хэрвээ зөрчлийн оноо нь дуусвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэхдээ зөрчлийн оноогоо хасуулаагүй ч хуульд заасан үндэслэлээр эрхээ хасуулбал зөрчлийн оноо автоматаар хүчингүй болно.

Зам тээврийн осол гаргасан жолооч тав, жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр, жолооны үнэмлэхгүй этгээдэд автомашинаа
шилжүүлбэл машины эзний нэг оноог хасах гэх мэтчилэн байдлаар тооцох юм. Хэрвээ зөрчлийн оноо хасагдсанаас хойш жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах эсвэл хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөхөөр заажээ.

НӨАТ-ын хоёр хувиа буцаан авна

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны эхний өдрөөс хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ ирэх оноос цахим хэлбэрт шилжиж НӨАТ төлөгчийн худалдаа хийсэн бүх мэдээлэл татварын байгууллага, Сангийн яаманд цахим хэлбэрээр төвлөрнө. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болно гэж үзэж байгаа. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ.

Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэнэ. Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ- ын босго 10 сая төгрөг байгаа, Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж үзжээ.

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан байгаа.

Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Ирэх оноос худалдан авалтын баримт шинэ загвараар гарах юм. Мөн долоо хоногийн дараагаас кассын шинэ машин ашиглаж эхэлнэ. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой.

Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа хэрэг. Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.

Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох тухай заажээ.
Түүнчлэн энэхүү хуулийг зарим эдийн засагчид аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгчдийг бизгесийн хүрээнээс шахан гаргах магадлалтай хэмээн буруутгах нь ч бий.

Нийтийн сонсголыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой.
Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top